“Сармагчны цэцэг” өвчний дахин дэгдэлт ба ДЭМБ-ын анхааруулга

image-1a7511b4-9d21-4e94-a02e-ae3ca7d5e36cЭнэ долоо хоногт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын ерөнхий захирал Тедрос Адханом “Мпокс өвчний дэгдэлт олон улсын хэмжээнд санаа зовоосон асуудал боллоо” хэмээн мэдэгдэл хийсэн.
Тус вирусийг анх эрдэмтэд 1950 онд “сармагчны цэцэг” нэртэйгээр илрүүлж байсан бол сүүлийн үед “мпокс”  нэр томёогоор дэлгэрээд байна.
Мпокс буюу сармагчны цэцэг нь салхин цэцэгтэй ижил төрлийн вирусэд хамаардаг бөгөөд халуурах, хөлрөх, бие өвдөх зэрэг анхны шинж тэмдгээр илэрдэг өвчин юм. Харин хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст нүүр гар, цээж, бэлэг эрхтэнд үү, яр гардаг.  Тус вирус нь халдвартай хүмүүстэй ойр дотно харьцах, тэр дундаа бэлгийн замаар дамжин халдварладаг.
2022 онд тус вирус бэлгийн замаар дамжсан нь батлагдаж, дэлхийн 70 гаруй оронд урьд өмнө тохиолдож байгаагүй дэгдэлтийг үүсгэж байсан бол өнгөрсөн долоо хоногт  Африкийн CDC-д мэдээлснээр мпокс вирус өнгөрсөн онтой  харьцуулахад өвчлөл 160 хувиар, нас баралт 19 хувиар өссөн байгааг мэдээлсэн.
Зөвхөн энэ онд Африкт 14,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 524 хүн уг вирусээр өвчилж нас барсан байна. Нийт тохиолдлын 90 гаруй хувь нь Конго улсад бүртгэгдсэн боловч хөрш зэргэлдээ орнуудад тархаж, Африкийн 13 улсад илэрсэн байна. Мөн тус вирус олон улсын хилээр хурдацтай тархаж байгаа талаар мэдээллээ. Иймд ДЭМБ-аас онц байдал зарласны дараа Хятад улс ирэх зургаан сарын хугацаанд хилээр орж ирж буй хүмүүс болон бараа бүтээгдэхүүнд мпоксын шинжилгээ хийнэ гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: independent
Бэлтгэсэн: Д.Халиун

URL: