Эрдэмтэд улаан болон боловсруулсан махны хэрэглээ болон зүрхний өвчин, зарим төрлийн хорт хавдар, эрт нас баралтын хоорондын уялдаа холбоог олж тогтоожээ.
Сүүлийн үеийн хоёр судалгаагаар махан хооллолт нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожсон байна. Наймдугаар сарын 20-нд “The Lancet Diabetes And Endocrinology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны багийнхан АНУ болон Европ, Азийн 20 орны 31 судалгаанд оролцсон хоёр сая орчим насанд хүрэгчдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Судлаачид оролцогчдын хоолны дэглэмийн талаарх судалгааны мэдээллийг хянаж үзээд дунджаар 10 жилийн турш тэдний эрүүл мэндийг судалсан байна Тамхи татах, биеийн жингийн индекс, бие махбодийн идэвхгүй байдал, чихрийн шижин өвчний гэр бүлийн түүх зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг тооцоолсны дараа оролцогчдын өдөр бүр идсэн 51 грамм боловсруулсан мах буюу хоёр зүсэм хиам тутамд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэл 15 хувиар нэмэгддэг болохыг тогтоожээ.
Судалгааг удирдсан Кембрижийн их сургуулийн хүн амын эрүүл мэнд, хоол тэжээлийн профессор Нита Форухи “Мах тогтмол хэрэглэх нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийг яагаад нэмэгдүүлдэг талаар бидэнд хэд хэдэн тайлбар бий.
Улаан болон боловсруулсан мах нь ханаагүй өөх тостой харьцуулахад ханасан өөх тос ихтэй байдаг нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнийг үүсгэдэг. Махыг хайруулын тавган дээр шарах, ил гал дээр шарах зэрэг өндөр температурт чанах нь эсийн гэмтэл, үрэвсэл, инсулины эсэргүүцлийг өдөөдөг тодорхой нэгдлүүдийг үүсгэдэг бөгөөд энэ нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнийг үүсгэдэг” хэмээжээ.
Өнгөрсөн долоо хоногт “Nature Metabolism” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар улаан маханд (загас, шувууны маханд бага хэмжээгээр) агуулагддаг төмрийн төрөл болох гем төмөр нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнийг үүсгэдэг гэсэн өөр нэг таамаглалыг нотолсон байна.
Долоо хоногт 8-10 порц боловсруулаагүй улаан мах иддэг гемийн төмрийн хамгийн их хэрэглээтэй хүмүүс хамгийн бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал 26 хувиар илүү байжээ. Энэ нь гем төмрийг улаан мах болон хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний хоорондын уялдаа холбоонд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар Харвардын хоол тэжээл, тархвар судлалын профессор доктор Фрэнк Ху ярьжээ.
Төмөр нь зайлшгүй шаардлагатай тэжээллэг бодис боловч их хэрэглэх нь нойр булчирхайг үрэвсүүлж, гэмтээж, чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж судалгаанд оролцоогүй Туфтсын их сургуулийн зүрх судасны эмч, анагаах ухааны профессор доктор Дариуш Мозаффариан хэлэв. Боловсруулсан маханд хот-дог, гахайн мах зэрэг эрүүл бус бүтээгдэхүүн төдийгүй цацагт хяруулын хиам, дели мах зэрэг эрүүл мэт санагдах бүтээгдэхүүнүүд багтдаг. Гэхдээ энэ нь та эдгээр хоолыг хэзээ ч идэж болохгүй гэсэн үг биш гэдгийг доктор Мозаффаран онцолжээ. Үүний оронд тэдгээрийг хааяа нэг амттан байдлаар хэрэглээрэй хэмээжээ. Доктор Ху мах төвтэй хоолны дэглэмээс бүхэл үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, буурцагт ургамал зэрэг олон төрлийн ургамлын гаралтай хоол хүнс агуулсан хоолны дэглэмд шилжихийг зөвлөсөн бөгөөд эдгээр нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдлээс сэргийлнэ гэдгийг зөвлөжээ.
URL: