Синглүүдээс татвар авах уу?

taxburden-810x500Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр иймэрхүү утгатай зүйлийг өнгөрсөн долоо хоногт хэлсэн юм. Тэрбээр “Гэр бүлийн гишүүдийн тоотой нь уясан татварын бодлогыг гаргахаас өөр аргагүй. Адилхан ажил хийж байж нэг нь долоон ам бүл, нөгөө нь гурван ам бүл авч явдаг мөртлөө адилхан орлогын албан татвар төлдөг. Амьдралын чанарыг нэмэгдүүлэхийн тулд үүнийг ярихаас аргагүй” гэв. Одоогийн залуус нарийн учрыг нь мэдэлгүй өвөө, эмээгийнхээ дурсамжаар гоёчилдог төсөөлдөг коммунист нийгэмд гэр бүлгүй бол татвар төлдөг байв. Энэ нь наанаа гэр бүлийг дэмжсэн мэт харагдавч үнэн хэрэгтээ хүний бие даасан оршихуй руу халдсан зүйл байв. Шинэ юм гэж удаан мартагдсан хуучин зүйлийг хэлдэг аж. Энэ нь  наанаа шударга мэт боловч цаанаа дахин нэг шаталсан буюу өсөн нэмэгдэх татварыг бий болгоно гэсэн үг. Өнөөдөр монголчууд нийт орлогынхоо 40-өөс илүү хувийн төрийг тэжээхийн тулд элдэв татвараар хураалгаж, үлдсэнийхээ 10 гаруй хувийг элдэв хураамжаар хураалгаж, үлдсэн 40 орчим хувийг хэрэглээндээ зарцуулж байна. Тэгвэл удахгүй хүүхэдгүйн татвар сайжруулсан хувилбар нэмэгдэх бололтой. Өмнө нь хүүхдийн мөнгө авах гэж үр хүүхдээ өнчрүүлдэггүй байсан бол маргааш татвар төлөхгүйн тулд олон хүүхэдтэй болох арга замыг эрэлхийлэх болох нь. Монголд төртэй сүлбэлдсэн эсвэл цүнхний компаниас бусад нь ямар нэгэн байдлаар татварын өртэй, үгүй бол “Х” тайлан гаргаж өдөр хоногийг аргацаах болжээ.

Шүүхийн тоон мэдээлэл ч ёозгүй байна. Иргэний хуулиар шийдвэрлэсэн хэрэг, маргаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17097 хэргээр буюу 1.8 дахин өссөн байна. Иргэний хуулиар шийдвэрлэсэн нийт хэргийн 40.2 хувийг банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан, 17.3 хувийг зээлийн гэрээтэй холбоотой маргаан, 14.0 хувийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан, 12.8 хувийг банкнаас олгох зээлтэй холбоотой маргаанууд тус тус эзэлж байна. Энэ татвар бидний толгойны өвчин болсны тод жишээ.

Татвар бол төр юм бол татварын байцаагчийн форм шуба юм

Татвар төвлөрүүлэх шууд чиг үүрэгтэй байгууллага ажлаа хийснийхээ төлөө өөрсдийгөө урамшуулдаг хачин журам арваад жилийн өмнө гарсан юм. Тэр нь “Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 474 дүгээр тушаалаар баталсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийн урамшууллыг захиран зарцуулах журам”-д урамшууллын 60 хүртэлх хувийг тусгай санд төвлөрүүлэн захиран зарцуулахаар зохицуулсан.

Үр дүнд нь 2014 онд урамшууллын мөнгө нэрээр хоёр тэрбум төгрөг өөрсдөдөө олгосон хэрэг мандсан. Гэтэл хоёр ч биш бүр дөрвөн тэрбум төгрөг болохыг АТГ-ын шалгалтаар тогтоогдсон билээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн татварын хэлтэс 574 сая төгрөг, мөн 200 саяыг нь Татварын ерөнхий газар руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг таван сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байгаа юм. Мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтэст нэг тэрбум 174 сая төгрөг урамшууллаар олгосноос Татварын хэлтсийн даргад нь 273 сая төгрөг, 32 албан хаагчийг 528.7 сая төгрөгөөр урамшуулсан бол, Сонгинохайрхан дүүрэг 501 сая төгрөгөөс хэлтсийн дарга нь 75 сая төгрөг, Хан-Уул дүүрэг 416, Чингэлтэй дүүрэг 250 сая төгрөгийн шагналын ихэнхийг хурган дарга нар нь хувааж авсныг АТГ-ынхан баримттайгаар жагсаан бичиж байв.

Гэтэл өнөөдөр ч энэхүү урамшууллаа авсаар байх магадлалтай аж. УИХ-ын гишүүн Н.Энхбаяр 2022 оны хоёрдугаар сарын 22-нд Сангийн сайд Б.Жавхланд хандан дараах албан тоотыг илгээсэн юм.

Урамшуулал хүчингүй болоогүйг Н.Энхбаяр гишүүний энэхүү санал асуулгаас харж болно. Харин Б.Жавхлан сайд асуулгад нь хариулсан уу эсвэл намын нөхөд дундаа найр тавиад өнгөрсөн үү, бүү мэд.

Татварынхан ажлаа хийснийхээ төлөө татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшуулал хүртдэг бол хувийн малаа маллаж буй малчин, түүний туслах малчны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь улсын төсвөөс сар бүр төлөхөөр хуульчилсан. Төр ч юу байх вэ. Таны төлж буй татвараас төлнө гэсэн үг.

Ер нь бүх нам, засаг татвар нэмэхгүй гэдэг ч нэмдэг. Бууруулах тухай бүгд амладаг ч яг эсрэгээр нь хийдэг. Үүний нэгэн жишээ гэвэл өнгөрсөн парламентын даргын явуулсан санал асуулга. 

Ийм санал асуулга явуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэлгүй байсаар ажлаа өгсөн. Өнөөдөр үүнийг хэлэлцэх нь байтугай өөрсдийн төсвийг тодотголоор нэмэгдүүлэх хэлэлцүүлэг өрнүүлж байна. Дараагийн жилийн төсвийг боловсруулж байх ёстой засаг он бөгсөнд төөсвөө нэмэх тухай, тэр дундаа 3 их наядаар нэмэхээр тусгажээ. Үүнийг эдийн засагт зарцуулахаас илүү шинээр бий болсон яам, агентлаг, түүний сайд, сэтэртэн, ажиллагсдын цалин, сандал ширээ, тансаг тавилга, машин унаанд зарцуулна. Ингэхийн тулд мэдээж нэг бол мөнгө хэвлэх нь ойлгомжтой болов. Татвар нэмэхгүй ч мөнгө хэвлэсний балгаар бий болсон инфляцийн гайгаар үнэ нэмэгдэж ариун цэврийн цааснаас хямдхан болсон төгрөг “жогорхой” болно. Дараагийн жилийн төсөвт харин синглчүүдийн татварыг суулгах вий!

https://news.mn/r/2745972/


URL: