Сармагчны цэцэг өвчнийг дарахгүй бол Африк бүхэлдээ устах эрсдэлтэй

monkey“Mpox” буюу сармагчны цэцэг өвчин Африкийн орнуудад хурдацтай тархаж, тив даяар эрүүл мэндийн онц ноцтой байдал зарлаад байна. Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэд сармагчны цэцэг өвчний шинэ давалгаа эхэлснийг анхааруулжээ. Конго улсыг жишээ татан авч үзвэл, 2024 он эхэлснээс хойш 13,700 гаруй тохиолдол батлагдаж, 450 хүн нас барсан байна.

Хүний биеийн бүх хэсгийг гэмтээдэг уг өвчин нь Бурунди, Төв Африкийн бүгд найрамдах улс, Кени, Руанда зэрэг оронд эрчимтэй тархаж байгаа бөгөөд албаны хүмүүс эрүүл мэндийн тусламжийн урсгалыг нэмэгдүүлэх гэж хичээж буй.

Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв яаралтай арга хэмжээ авахыг тивийн бүх оронд анхааруулсан ба өвчний тохиолдол илрээгүй орнууд хараа хяналттай байх ёстой гэж сэрэмжлүүлжээ. Тус төвөөс гаргасан мэдэгдэлд “Энэхүү мэдэгдэл нь хэлээд өнгөрөх зүйл биш юм. Бид хяналтаа сайжруулахыг уриалж байна. Бид тархалтыг зогсоох яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Эс бөгөөс Африк тив бүхэлдээ устана” гэжээ.

Эсрэгээрээ, Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс Европ тивд  “Мpox” вирусийн эрсдэл маш бага байгааг долдугаар сарын 29-нд мэдэгдсэн. “Mpox” нь амьтнаас хүнд болон хүн хооронд халдварладаг. Хэрэв халдвартай амьтантай ойрхон байсан бол халдвар авах бөгөөд хүмүүсийн хувьд агаар дуслын замаар халдварладаг.

Түүнчлэн халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох, арьс шүргэлцэх зэрэгт халдварладаг аюултай өвчин юм.

Халдвар авсан тохиолдолд халуурах, биеийн бүх булчин өвдөх шинж тэмдэг илрэх ба эмчлүүлээгүй бол үхэлд хүргэдэг. “Мpox” одоогийн байдлаар хоёр төрөл байдаг нь батлагдсан бөгөөд 2022 онд дэлхийн хэмжээнд дэгдэлт үүсэхэд хүмүүс голдуу бэлгийн замаар халдвар авсан байжээ. Үүнээс урьдчилан сэргийлэх гурван тун вакцин байдаг ч гэлээ зөвхөн эрсдэлтэй эсвэл халдвартай хүнтэй ойр дотно харилцаатай байсан хүмүүс хийлгэдэг аж. Африк тивд шинэ давалгаа эхэлсэнтэй холбогдуулан Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв 10 сая орчим тун вакцин авахаар төлөвлөж байна.

Эх сурвалж:BBC


URL: