Тэгвэл хөмөрсөн тогоон дотроо амьдарцгаая!
Хамтарсан Засгийн газрын Боловсролын сайдаар ХҮН намын гишүүн П.Наранбаярыг томилсон. “Шинэ Монгол” хувийн сургуулийн гүйцэтгэх захирлаар найман жил ажилласан түүнийг Монголын боловсролын салбарт бодлогын томоохон реформ хийх байх гэсэн итгэл найдвар, хүлээлт нийгэмд байсан ч байх. Гэвч, түүний үг-үйлдлээс харахад Монголын боловсролын салбарт төдийлөн өөрчлөлт гарахгүй нь үнэн, үзэг, форм өөрчлөхөөр өөр ажил хийхгүй нь ойлгомжтой болов. Өмнөх сайд Л.Энх-Амгалан “поп” нэгэн байсан хэдий ч ядаж “Англи хэл бол Монгол Улсын гадаад үндсэн хэл байна” гэсэн үндсэн зарчмаасаа ухраагүй.
Атал баруун төвийн үзэл баримтлалтай гэгдэх ХҮН намаас томилогдсон сайд нь популизмын загалмайлсан эцэг Ц.Даваасүрэнгийн адил Монголын залуус англи хэлний боловсрол эзэмших нь эх хэлээ эрсдэл оруулна гэж үздэг нэгэн бололтой. Гээд цахим орчинд тавигдсан өөрийнх нь видео бичлэгийг үзэхээр Боловсролын сайд П.Наранбаяр эхлээд өөрөө эх хэлнийхээ мэдлэгийг илүү сайжруулмаар санагдсаныг нуугаад яахав.
“EF Education First” боловсролын байгууллагаас дэлхийн улс орнуудын иргэдийн англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоодог. Уг байгууллагын “шалгалтаар” дэлхийн 100 улс орноос Монгол Улс 88 дугаарт “маш муу” үнэлгээ авчээ.
Эндээс харахад монголчуудын гадаад хэлний мэдлэг нь ч муу, эх хэлний боловсрол ч нь муу аж. Товчхондоо, монголчууд монголоороо зөв бичиж, ярьж чадахгүй байгаад “англи хэл” буруугүй гэсэн үг. Үнэндээ монголчууд бүх нийтээр бичиг үсэг тайлагдсан ч бүх нийтээрээ бичиг үсгийн боловсрол муутай.
Тиймээс Монголын залуус англи хэлний мэдлэг эзэмшихийн хэрээр монгол хэл аюулд орно гэдэг боловсролгүй хүмүүсийн яриа. Магадгүй хойноос шидсэн зорилготой “чулуу” байхыг үгүйсгэхгүй.
Англи хэлийг дэлхийн хэл, технологийн хэл, хөгжлийн хэл гэх нь бий. Англи хэлний мэдлэг эзэмшихгүйгээр улс орон, хувь хүн ялгаагүй хөгжлөөс хоцорно, ядуугаараа үлдэнэ. Дэлхийн улс орнуудын иргэдийн англи хэлний мэдлэг тухайн улсын эдийн засагтай нь харилцан хамааралтайг АНУ-ын Принстоны их сургуулийн эрдэмтэд судалж гаргасан.
Үнэхээр ч өндөр хөгжилтэй орнууд болох Нидерланд, Швед, Норвеги, Дани, Сингапур, Финланд, Австри, Германы иргэд англи хэлийг хамгийн сайн эзэмшсэн болохыг “EF Education First” онцолсон байна.
Эх хэл бол үндэсний дархлаа мөн, үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орны аюулгүй байдал эх хэлнээс илүүтэй эдийн засгийн хөгжил дээр тогтдог. Эдийн засгийн хөгжил нь эх хэлээ хадгалж хамгаалах баталгаа болдог.
Эрүүл мэнд, техник технологи, боловсрол, шинжлэх ухааны шинэ ололт, дэвшлүүдээс суралцъя гэвэл англи хэлний мэдлэг эзэмшихээс өөр арга байхгүй. Дэлхийн эрдэмтдийн шинжлэх ухааны бүтээлүүд, эрүүл мэндийн нээлтүүд бүгд англиар бичигдсэн.
Тэгэхээр П.Наранбаяр сайдын хэлснээр зөвхөн монголоороо ярьж, бичнэ гэвэл монголчууд гадаад ертөнцөөс тасарна, хөмөрсөн тогоондоо үлдэнэ. Харин ч Монголын залуусын англи хэлний мэдлэг, чадвар эзэмших тусам үнэ цэнтэй, үндэсний дархлаатай болно. Ард түмэн “цагаан цаас” байхаа болино.
Боловсролын сайд П.Наранбаяр эх хэлний дархлаа, үндэсний аюулгүй байдалдаа үнэн сэтгэлээсээ санаа зовж байгаа юм бол Орос-Монголын хамтарсан сургуулийг олноор нь байгуулах Кремлийн далд сонирхлыг тас зогсоох ёстой. Оросын суртал ухуулгаар Монголын хүүхдүүдийн тархийг цэнэглэх нь, орос хэлний сургалттай сургуулийн тоо олшрох нь эх хэлний дархлаанд төдийгүй улс орны аюулгүй байдалд ч асуудал дагуулж болзошгүй. Эцэст нь хэлэхэд, эх хэлийг эрсдэлд оруулж байгаа хүмүүс нь эх хэлийг бизнес болгосон эх хэлний эрдэмтэд шүү.
Б.БАТ
https://news.mn/r/2744449/
URL: