П.Наранбаяр: Хичээлийн бус цагаар сууж, давтлага хийдэг байдлыг хална
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажил өнөөдөр эхэлж байгааг Боловсролын сайд мэдээллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын сайд П.Наранбаяр оролцож, боловсруулах багаас хүлээж буй дараах өөрчлөлтүүдийг онцлов. Үүнд:
- Унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд минутын уншлагыг эргэн харж, хүүхдийн сэтгэхүйд тохирсон, утга зохиолд хөтөлсөн, сэтгэлгээг задалсан сурах бичгийг боловсруулан, унших бичгийг сэргээх;
- Дэвшилтэт технологи, цахим ертөнц хөгжиж буй энэ үед хүүхдийн бүтээлч сэтгэхүйг дэмжихийн тулд шинэ сурах бичгүүдийг интерактив буюу мэдээлэл технологитой хорших боломжтой болгох;
- Гэрийн даалгавар, хичээлийн ачааллыг бууруулах, хүүхдэд алдах, алдаанаасаа суралцах эрхийг нь олгох үүднээс балын харандаагаар бичүүлж, хичээнгүй бичигт зарцуулах цагийг багасгаж, бүтээлч ажлын цагийг нэмэгдүүлэх;
- Хүүхэд сургууль дээрээ хичээлийн бус цагаар сууж, давтлага хийдэг байдлыг халахад чиглэсэн агуулгаар сургалтын хөтөлбөр, сурах бичиг, дасгал ажлын дэвтрийг боловсруулах;
- Англи хэл сургалтын үндсэн гадаад хэл болсон. Гадаад хэл сурч байгааг мэдрэхгүйгээр сурах нь хамгийн сайн арга бөгөөд давталт хамгийн чухал. Бага насны хүүхэд нэг хүүхэлдэйн киног олон давтан үзэж чаддаг. Энэ онцлогт нь тохирсон сурах бичгүүд боловсруулах нь чухал гэв.
URL: