“Парис 2024” зуны 33 дахь удаагийн олимпод 206 орны 10,714 тамирчин оролцож байна. Олимпод өрсөлдөж буй улсуудаас дөрвөн улсаас нэг, нэг тамирчин оролцжээ. Тэр нь, Белиз, Науру, Сомали, Лихтенштейн улс юм.
Белиз улсын хувьд нийт 417 мянган хүн амтай, хойд талаараа Мексик, зүүн талаараа Карибын тэнгис, өмнөд болон баруун талаараа Гватемалтай хиллэдэг Төв Америкийн хамгийн цөөн хүн амтай улс юм. Тус улс хөнгөн атлетикийн 100 метрийн төрөлд тамирчнаа илгээсэн байна. Белиз улсын тамирчин Шонн Гилл хоёр дахь удаагаа олимпод улсаа төлөөлөн иржээ. Шонн Гилл энэ удаагийн олимпод VI байр эзэлсэн байна.
Сануулахад Белиз улс “Токио 2020”, “Рио 2016” олимпод гурав, гурван тамирчин явуулж байжээ.
Науру улс бол номхон далайн баруун өмнөд хэсэгт байрладаг арлын улс юм. Дэлхийн хамгийн бага хүн амтай улсын 10-т жагсдаг бөгөөд нийт 12 мянган хүн амтай. Тус улс 23 настай хөнгөн атлетикийн тамирчин Винзар Какиоуэг энэ удаагийн олимпод эх орноо төлөөлж байна.
Сомали улс нь 19 сая хүн амтай бөгөөд Африкийн хамгийн зүүн хэсэгт байрладаг, дэлхийд ядуурлын түвшингээрээ 11-т жагсдаг улс юм. Энэ удаагийн олимпод тэд хөнгөн атлетикийн тамирчин Али Айдоу Хассаныг сонгон явуулжээ.
Нэг тамирчнаа явуулсан дараагийн улс Лихтенштейн. Тус улс нь Швейцар, Австри хоёрын голд байрладаг бөгөөд нийт 39 мянган хүн амтай. Тус улсын дугуйн спортын тамирчин Романа Пюнтенер улсаа төлөөлөн иржээ.
https://itoim.mn/a/2024/08/09/sport/sjd?721fe0df382aa52b7804dcd059e89ff4
URL: