Токио хотод өнгөрсөн сард хат халууны улмаас 120 гаруй хүн нас барсан байна. Токиогийн Эрүүл мэндийн шинжилгээний газрын мэдээлснээр нас барсан 120 гаруй хүний олонх нь 60-аас дээш насны хүмүүс байсан бөгөөд хоёроос бусад нь байшин дотроо нас барсан байсан бөгөөд олонх нь агааржуулагч суурилуулсан ч ашигладаггүй байжээ.
Японы Эрүүл мэндийн байгууллагууд болон цаг уурчид хүмүүст шингэн алдалтаас зайлсхийхийн тулд гэрээсээ гарахгүй байх, шингэн зүйл их хэрэглэх, агааржуулагч ашиглахыг зөвлөж буй.
Үүний зэрэгцээ Япон даяар долоодугаар сарын 1-ээс 28-ны хооронд 37,000 гаруй хүн халуунд цохиулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Долоодугаар сарын дундаж температур сүүлийн 30 жилийн дунджаас 2.16 хэмээр өндөр байсан нь Японы цаг уурын агентлаг 1898 онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн халуун долоодугаар сард тооцогдож байгаа аж.
Токио хотын төвд агаарын температур 34 хэм хүртэл нэмэгдсэн байна. Токио хотын иргэн Хидэхиро Такано “Жил бүр улам халж байгааг би мэдэрч байна. Агааржуулагч байнга асаалттай байдаг. Би гадаа гарахгүй байхыг хичээдэг” хэмээжээ. Цаг уурын агентлаг наймдугаар сард илүү буюу 35 хэм болон түүнээс дээш халахаар байгааг анхааруулжээ.
URL: