“Wall Street”-ийн удирдлагуудын хувьд Парисын Олимп “Зуны Давос” нь болжээ

47b5913c-9851-41da-a1d4-0e2094dd03b1“Давосын чуулга уулзалтын дундуур Олимпын тэмцээнүүд явагдаж байгаа юм шиг л байна”

“Wall Street”-ийн томчууд зуны амралтаа Газар дундын тэнгисийн арлууд дээр бус Парисын Олимпын наадмыг үзэж, өнгөрүүлж байна.

“Давосын чуулга уулзалтын дундуур Олимпын тэмцээнүүд явагдаж байгаа юм шиг л байна” хэмээн “JPMorgan” банкны Хөрөнгийн менежментийн бизнесийг удирддаг Мэри Эрдоес онцолжээ. Тэрбээр тэмцээн болж буй цэнгэлдэх, спорт орднуудад харилцагчидтай төлөвлөөгүй уулзалт хийж, бизнесийн бусад лидерүүдтэй таарах нь байнгын үзэгдэл болсныг хэлж байлаа.

 

Олимпын наадамд мөн “Morgan Stanley” банкны Ерөнхийлөгчийн албыг хамтран хашдаг Дан Симковиц очжээ. Тэрбээр АНУ-ын Олимп, Паралимпын санд хандив өргөн, улсынхаа усанд сэлэлтийн багийн “Спортын элч” болсон аж.

“Олимпын наадам бие бялдрын хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэндийн үнэ цэнийг тодотгодог” хэмээн Дан Симковиц тодотгож байсан юм. АНУ-ын Олимп, Паралимпын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр 2028 оны Лос-Анжелесийн Олимп болох хүртэл 500 сая ам.доллар босгон, тамирчдадаа илүү сайн дэмжлэг үзүүлэх зорилттой байгаа аж.

“Citadel” компанийн Кен Гриффин 2020 оноос хойш 10 сая гаруй ам.долларыг  АНУ-ын Олимп, Паралимпын санд хандивласнаар Парисын Олимпт оролцож буй баг тамирчдаа ахлах хүндтэй үүргийг хүлээн авчээ. “Олимпын наадам бол улс орныг нэгтгэн нягтруулах онцгой боломж” хэмээн тэрбээр онцолсон байна.

Ихэнх улсад тамирчдын санхүүжилт Засгийн газрын төсөв, ивээн тэтгэлэг, хувь хүний хандиваар холимог байдалтай бүрэлддэг. Харин АНУ-д тамирчид улсаасаа ямар ч дэмжлэг авдаггүй бөгөөд оронд нь тэд хандив, дэмжлэг, өргөн нэвтрүүлгийн багахан орлогоор санхүүждэг аж.

 

Өнгөрсөн 11 жилд 30 орчим сая ам.долларыг АНУ-ын хөнгөн атлетикийн санд хандивласан “Blackstone” компанийн Гүйцэтгэх захирал Стивен Шварцман гимнастикийн тэмцээн үзэж суугаа нь мөн дуранд өртжээ.

Харин уран сайхны гимнастик, теннис зэрэг бусад тэмцээнүүдийг Билл Гэйтс,  “Warner Bros Discovery” компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Заслав нар үзжээ. “Comcast”-ийн Гүйцэтгэх захирал Брайан Робертс Серена Уильямс, Шарльз Терон зэрэг алдартнуудын хамтран зохион байгуулсан Олимпын нээлтийн өмнөх үдэшлэг дээр Францын магнат Бернар Арнотай тэврэлдэн байгаа нь харагджээ.

 

Тэрхүү өдрийн үдээс өмнө нь Бернар Арно, Стивен Шварцман, Илон Маск, “Goldman Sachs” банкны Гүйцэтгэх захирал Дэвид Соломон,  “Coca-Cola”-ийн Гүйцэтгэх захирал Жеймс Квинси, “Alibaba” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Жо Цай нар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой үдийн зоог барьсан аж.

Харин “Wall Street”-ийн “C” түвшний захирлуудын доодох удирдах албан тушаалтнуудыг хэд нь Олимпын наадмыг зорьж очсон нь тодорхойгүй байгаа юм.

 

https://bloombergtv.mn/news/h2l134


URL: