Филиппинчүүд олимпийн аваргадаа байдгаа барьж, эд хөрөнгөд умбуулж байна
Филиппин улс олимпийн аваргадаа байдгаа барьж, алт мөнгө, эд хөрөнгөд умбуулж байна. Карлос Юло гэх 24 настай, гимнастикчин залуу Парисын олимпоос хоёр алтан медаль хүртэж, тус улсын түүхэн дэх хоёр дахь олимпийн аварга болсон байна. Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос “Бид түүхийн гэрч боллоо. Энэ улс чамаар хэрхэн бахархаж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй. Дэлхий даяарх филиппинчүүд нэгдэж, чамайг дэмжиж, уухайллаа” гэжээ.
Филиппин улс даяар Карлос Юлогийн зурагт хуудас, сурталчилгааны самбарууд гарчээ.
Одоогийн байдлаар Филиппин улсын төр засгийн зүгээс болон бизнес эрхлэгчдээс дараах бэлгийг өгөөд байна
- Филиппиний засгийн газар – Байшин
- Манилад бүрэн тавилгатай, 552 мянган ам.долларын үнэ бүхий гурван унтлагын өрөөтэй орон сууц
- Филиппиний спортын хороо – 173 мянган ам.доллар бэлнээр
- Филиппиний төлөөлөгчдийн танхим – 52 мянган ам.доллар бэлнээр
- Насан туршдаа дурангийн шинжилгээ, ходоод гэдэсний эмчилгээ, үйлчилгээ, зөвлөгөө авах эрх
- 1730 мянган ам.долларын тавилга
- Насан туршдаа үнэгүй рамен, буфет хоол идэх эрх
- Насан туршдаа барилга байгууламж, инженерийн үйлчилгээ авах эрх
- Хуримын зурагны үйлчилгээ авах эрх
- Автомашины гэрлээ солиулах эрх
- Насан туршдаа гар утасны кэйсээ үнэгүй солиулах эрх
- Насандаа туршдаа лемонтой ус, кофе уух эрх
- Гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болох санал
Олимпоос алтан медаль авсныхаа дараа Юло “Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Бид үнэхээр жижиг улс. Алтан медаль гэдэг бол бидний хувьд том амжилт. Энэ медалиа намайг дэмжсэн бүх филиппинчүүддээ зориулж байна” гэжээ. Түүний ачаар түүнтэй ижил нэртэй хүмүүс ч урамшуулалд хамрагджээ. Кафе, ресторанууд Карлос, Калой эсвэл Эдриел гэсэн нэртэй хүмүүст үнэгүй хоол, шэйк бэлэглэж байгаа бол урлагийн тоглолтууд ч К үсгээр нэр нь эхэлсэн хүмүүсийг үнэгүй оруулж байгаа гэнэ.
Филиппин улс 114 сая хүн амтай бөгөөд хоёр олимпийн аваргатай. Анхных нь Хидилин Диаз бөгөөд хүндийн өргөлтийн тамирчин тэрбээр өнгөрсөн Токиогийн олимпоос алтан медаль хүртэж байжээ. Карлос Юло нь 2016 онд Японы олимпийн хорооны тусламжтай тэтгэлэгт хамрагдаж, Японд бэлтгэл сургуулилалт, хөтөлбөрт хамрагдсан түүхтэй. Тэрбээр 2022 онд Токиогийн Тейкёо их сургуулийг уран зохиолын чиглэлээр төгссөн аж.
URL: