Улаанбурхан өвчин хүндэрсэн үед тархи хавддаг

Measles-symptoms-2008586Өнгөрсөн жил буюу 2023 оны байдлаар улаанбурхан өвчний тохиолдол дэлхий даяар 79 хувь болтлоо өссөн байна. Өвчилсөн хүмүүсийн талаас илүү хувийг бага насны хүүхдүүд эзэлсэн. Жил ирэх тус энэ өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь 2000-2018 онд дэлхий даяар улаанбурхнаар өвчлөгсдийн нас баралт 73 хувиар буурсан үзүүлэлттэй холбоотой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-аас анхаарууллаа.  Учир нь, улаанбурхан өвчний халдвар буурснаар вакцинжуулалтад хамрагдах иргэдийн тоо буурсан зэрэг нь эргээд идэвхжлийг өндөр болгожээ.

Сүргийн дархлаа тогтоохын тулд нийт хүн амын 95 орчим хувь нь вакцинд хамрагдах шаардлагатай байдаг.

Гэвч дэлхийн ихэнх улс орнууд сүргийн дархлаа тогтоож чадаагүйгээс болж тохиолдлын тоо нэмэгдэж байна. Жишээ нь, 2019 он гэхэд дэлхийн нийт хүүхдүүдийн 86 хувь нь бүрэн тун вакцинд хамрагдсан байдаг бол 2021 онд энэ тоо 81 хувь болтлоо буурчээ. АНУ-д гэхэд вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн тоо буурч, 2021-2022 оны байдлаар цэцэрлэгийн хүүхдүүдийн 93 хувь нь улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан.

Илүү олон хүүхдийг вакцинжуулах нь шинэ дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм.

1960-аад оноос хойш гарч ирсэн вакциныг хавсарсан тарилга хэлбэрээр хийдэг бөгөөд энэ нь гахайн хавдар өвчнөөс мөн адил хамгаалдаг.

Улаанбурхан өвчний эсрэг нэг тун нь 93 хувь, хоёр тун нь 97 хувийн үр дүнтэй байдаг.

“Covid-19″ гарснаас хойш ямар ч төрлийн вакциныг хориглох хөдөлгөөн гарч эхэлсэн. Үүнээс болж улаанбурхан өвчний вакциныг огт хийлгэхгүй эсвэл нэг тун вакцин хийлгэх зэрэг асуудал гарсан. Мөн “Covid-19″ гарсантай холбоотойгоор карантин тогтоосон явдал нь хүүхдүүдийг вакцинд цаг тухайд хамрагдах боломжийг олгоогүй байна. Цаг уурын өөрчлөлт улаанбурхан өвчний дэгдэлтэд нөлөөлсөн гэж мөн тайлбарладаг. Энэ хэдэн шалтгааны улмаас ойрын жилүүдэд улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдсэн гэж эрдэмтэд тайлбарлаж буй.

  ДЭМБ 2022 онд 22 сая хүүхэд улаанбурханы эсрэг вакцины эхний тунд хамрагдаагүй гэв.

Улаанбурхан өвчин нь дэлхийн хамгийн хурдан халдвар тархдаг өвчнүүдийн нэг юм. Хэрэв вакцинд хамрагдаагүй, улаанбурхнаар өвчилж байгаагүй хүн халдвар авбал мөн адил вакцинд хамрагдаагүй ойрын хавьтлын 10 хүн тутмын 9 нь халдвар авах боломжтой.

Мөн А витамин дутагдалтай хүмүүс улаанбурхнаар өвчлөх хамгийн өндөр магадлалтай. Хэрэв хүндэрсэн тохиолдолд тархи хавдаж, үхэлд хүргэдэг.

Африкийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол хамгийн их бүртгэгдсэн байдаг тул ДЭМБ болон холбогдох байгууллагууд 2000-2022 оны хооронд тус үс нутагт вакцинжуулалтын аян явуулж, 57 сая хүн нас барахаас сэргийлсэн.

Бүртгэгдсэн тохиолдол

ДЭМБ-ын 2024 оны тавдугаар сард гаргасан судалгаанд Азербайжан улсад улаанбурхан өвчний тохиолдол хамгийн их бүртгэгдсэн. Тодруулбал:

  • Азербайжан-29,585
  • Ирак-28,755
  • Казахстан- 27,509
  • Этиоп- 17,735
  • Энэтхэг-15,590
  • Орос- 13,171
  • Киргизстан- 12,344
  • Йемен-11,081
  • Румын- 7,601
  • Пакистан- 7382 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

АНУ-ын хувьд 2024 оны байдлаар 132 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал:

  • 5-аас доош насны 58 хүүхэд буюу 44 хувь
  • 5-19 насны 30 хүн буюу 23 хувь
  • 20-оос дээш насны 44 хүн буюу 33 хувь тус тус халдвар авсан нь батлагдсан.

Эдгээр хүмүүсийн 81 хувь нь вакцинд хамрагдаж байгаагүй бол 14 хувь нь нэг тун вакцинтай, 5 хувь нь хоёр тун вакцинд хамрагдсан байжээ. Одоогийн байдлаар 132 халдварт тохиолдлын 53 хувь нь буюу 70 хүн эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн. Тодруулбал:

  • 5-аас доош насны 64 хувь буюу 58 хүүхдээс 37 нь
  • 5-19 насны 37 хувь буюу 30 хүний 11 нь
  • 20-оос дээш насны 50 хувь нь буюу 44 хүний 22 нь хэвтэн эмчлүүлсэн.

Дэлхий дахинд 2022 оны байдлаар нийт 171,153 тохиолдол, 2023 оны байдлаар 321,582 тохиолдол бүртгэгдсэн бол 2024 оны эхний хагаст 94,000 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өдөр ирэх тусам нэмэгдэх боломжтойг ДЭМБ-ын доктор Патрик О’Коннор анхаарууллаа.

Эх сурвалж: CDC, WHO, CNN, UNICEF


URL: