Залилагч нар хямд үнэ, таатай нөхцөл санал болгодог
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг билээ. Улмаар түрээсийн хашаа байшин, орон сууцны үнэ нэмэгдэж, эрэлт ихэсдэг. Үүний зэрэгцээ цахим орчинд энэхүү эрэлт хэрэгцээн дээр тулгуурласан хямд үнэтэй, таатай нөхцөлтэй зарууд олон тоогоор байршдаг байна. Тиймээс мэдээллийг сайтар нягтлахгүй бол залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий. Учир нь найм болон есдүгээр сард хашаа байшин, орон сууц түрээслүүлнэ гэх нэрийдлээр залилах гэмт хэргийн тоо өсдөг аж.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын, Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Номин “Наймдугаар сард орон сууц түрээслүүлнэ гэх нэрийн дор залилах гэмт хэрэг өсдөг. Учир нь орон нутгаас Улаанбаатарыг зорьж ирсэн оюутнууд энд хамаатан садан, таних айлгүйгээс түрээсийн байр хайж эхэлдэг. Залилагч нар үүнийг ашиглаж цахим орчинд, бусдын эзгүй хашаа байшин болон орон сууц түрээсэлнэ гэсэн хүний зарын зургийг ашиглаж, хямд үнэ таатай нөхцөлийг санал болгож цахим орчинд байршуулдаг. Ингэхдээ хэд хэдэн таатай саналыг тавьдаг.
Тухайлбал, урьдчилгаа мөнгөө шилжүүлчихвэл зараа устгаад байраа хадгалж байя зэргээр таатай нөхцөл санал болгодог. Мөн залилагч этгээд хуурамч бичиг баримт үзүүлж, маш хямд үнэ санал болгож иргэдийг залилдаг.
Иргэд хуурамч гэрчилгээг харж итгэдэг ингээд цахимаар зургийг нь хараад, утсаар ярьж тохироод тухайн хүнтэй уулзахгүйгээр урьдчилгаа мөнгө шилжүүлчихдэг. Тиймээс иргэд түрээслэх гэж буй үл хөдлөх хөрөнгийн нэр болон гэрчилгээний дугаарыг “И-Монголиа” системээр шалгаж маш сайн тулгаж үзэх шаардлагатай. Мөн цахим үнэмлэхийг нь хуулбарлан авч, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэх ёстойг онцгойлон анхаарах хэрэгтэй гэв”
Тиймээс байр, байшин түрээслэх гэж буй иргэд орон сууц түрээслүүлнэ гэсэн иргэнтэй өөрийн биеэр уулзаж, түрээслүүлэх гэж байгаа үл хөдлөх хөрөнгийг очиж үзсэний дараа гэрээ байгуулж төлбөрөө төлөхийг цагдаагийн байгууллагаас сануулав.
URL: