“Улаан бурхан өвчнөөр 120 орчим хүүхэд нас барж байсан”

baigalmaa-810x500Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсантай холбоотойгоор Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас өчигдөр /2024.08.01/ мэдээлэл хийсэн. Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүхий иргэнийг долдугаар сарын 30-нд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарласан байна. Тусгаарлагдсан иргэн нь АНУ болон Казахстан улсад зорчиж байгаад Алматы хотоос Улаанбаатарт ирсэн маршруттай байна. Түүний шинжилгээний хариу улаанбурхан мөн болохыг тогтоосон. Тухайн батлагдсан тохиолдолд эрсдэлийн үнэлгээ хийн дунд эрсдэлтэй, идэвхжилийн нэгдүгээр зэрэгт байгааг тогтоожээ.

Монгол Улсад батлагдаад буй улаанбурхан өвчин ямар эрсдэлтэй байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгальмаагаас тодрууллаа. Тэрбээр “Улаанбурхан өвчин нь халдварт өвчин дотроо амьсгалын замаар дамждаг вирусийн гаралтай өвчин. Хамгийн гол аюул нь улаанбурхан туйлын халдвартай өвчин гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, халдварлалтын индекс нь 95 хувиас дээш байдаг. Хэрвээ улаанбурхан өвчний вакцин хийлгээгүй, өмнө нь өвчилж байгаагүй бол халдвар авсан хүнтэй зөрөх төдийд л халдвар авах эрсдэлтэй. Улаанбурхан өвчин нь гурван өвөрмөц шинж тэмдэгтэй.

  • Нус гарах
  • Нүд өвдөх буюу нүдний өрөвсөл
  • Ханиалгах

Хамгийн чухал нь бага насны хүүхдүүдээ зайлшгүй анхаарах шаардлагатай. Хэрвээ улаанбурхан өвчний томоохон дэгдэлт болбол вакцинд хамрагдах нас нь болоогүй 9 сар хүртэлх хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй. Мөн вакцины нэг тун бүрэн дархлаа болж чадахгүй. Тийм учраас хоёр тунгаар дархлаажуулалт хийх шаардлагатай.

Өнгөрсөн 2015-2016 онд болсон улаанбурхан өвчний дэгдэлтийн үед нэг тун вакцин хийлгэсэн, эсвэл огт вакцин хийлгээгүй 120 орчим хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Түүний 52 хувь хүртэлх нь 0-2 насны хүүхдүүд байсан.

Тиймээс бидний хамгийн гол авах арга хэмжээ бол бага насны хүүхдүүдээ хамгаалахын тулд бүгдээрээ дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. Эцэг, эхчүүд үүнд онцгой ач холбогдол өгч хариуцлагатай хандах ёстой. Covid-19 цар тахлын дараа буюу 2022 оноос дэлхийд улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс 2023 онд нэмэлт дархлаажуулалтын ажил зохион байгуулсан. Үүнд 300 мянга гаруй хүүхдийг хамруулсан. Гэсэн хэдий ч улаанбурхан өөрөө туйлын халдварт өвчин. Мөн дархлаажуулалтын цоорхойд хүүхдүүд өртөх эрсдэлтэй байна. Насанд хүрсэн хүмүүс халдвар аваад өвддөг хэдий ч, бага насны хүүхэдтэй харьцуулахад хүндрэх, нас барах эрсдэл нь бага байдаг. Хамгийн гол эрсдэл нь халдвар тээх замаар бага насны хүүхдэд халдаах эрсдэлтэй. Салхин цэцэг өвчний хувьд тууралтаараа онцгой ялгаатай. Эмч нарын хувьд ялгаж оношлоход төвөгтэй биш гэв.


URL: