ГАЗЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН ОРОН СУУЦНЫ ОРШИН СУУГЧДЫН ТҮРЭЭСИЙН ХУГАЦАА ДУУСАХ ДӨХӨЖ, “ДАШВААНЖИЛ” КОМПАНИЙН ЖОЛООЧ, БХЯ-НЫ Э.МӨНХНАРАН НАР “АЛГА” БОЛЖЭЭ
Дэлбэрэлтэд өртсөн долоон хүн амиа алдаж, 63 айл орох оронгүй, унах унаагүй, өмсөх хувцасгүй үлдсэн. Нүцгэн шахуу хүүхдээ тэврээд, гэрээсээ гарсан иргэд буудлын өрөөнд, түрээсийн байранд өдөр, хоногийг өнгөрөөж байна.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Харамсалтай нь, ослын улмаас орон сууц, автомашин шатаж, галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч газар дээрээ нас барж, 10 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн юм. Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд, Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад амьсгал хураасан байдаг. Тэгвэл өдгөө тус байрны оршин суугчдын нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.
Хэргийг эргэн сануулбал, “Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Р-ийн 15.7 тонн байгалийн хий тээвэрлэж явсан автомашинтай Э.М-ийн унаж явсан “Ниссан Патрол” маркийн тээврийн хэрэгсэл шүргэлцсэний улмаас цистернээс газ алдагдан дэлбэрэлт болсон байдаг.
115 МӨРДӨГЧ ОСЛЫН ШАЛТГААНЫГ ОЛОХООР АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын ерөнхий прокурорын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт Ажлын хэсэг байгуулаад байна. Тус Ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулж буй.
Эх сурвалж “Галын дүгнэлт бүрэн гарч дуусаагүй юм шиг байна лээ. 10 гаруй шинжээчийн дүгнэлтээр эцэслэн шийдэж, буруутай этгээдийг тогтооно. Найман шинжээчийн дүгнэлт гараад байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Одоогоор яллагдагчаар татагдсан хүн байхгүй” гэв.
Галд өртсөн орон сууцны оршин суугчидтай холбогдоход дараах тайлбарыг өгч байна.
“Эдү апарт” хотхоны оршин суугч Э ”Манай байр ипотекийн зээлтэй байсан. Өөрөөр хэлбэл, зээлээр авсан учир даатгалын компаниар жил бүр даатгуулдаг байсан гэсэн үг. Манай байр “Хаан” даатгалд даатгуулсан байсан юм. Үнэлгээний компаниас хүмүүс ирээд, уулзаад явсан. Хачирхалтай нь, үнэлгээний газар болон даатгалын ажилтнууд “Обой, шал чинь шатаагүй байна” гээд үнэлгээгээ багасгаж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ хөө тортог болсон шүү дээ. Биднийг толбо болсон обойгоо угаагаад, шалаа зүлгээд амьдарч болно гэж байх шиг байна. Бид гэнэтийн осол, аваараас л урьдчилан сэргийлж, өчнөөн мөнгө төлж, орон сууцаа даатгаж байгаа шүү дээ. Гэтэл урдаас тийм зүйл яриад байж байгаа нь бухимдал төрүүлж байна. Улсаас бидэнд байрны түрээсийн мөнгө өгч байгаа. Есдүгээр сарын 30 гэхэд хугацаа дуусна. Одоогоор шатсан орон сууцыг нураах, эсвэл засварлах нь тодорхойгүй байна. Төр хурдан шийдэл гаргаасай л гэж хүсэх байна” гэсэн юм.
Мөн “Эдү апарт” хотхоны оршин суугч Д: Төртэй түрээсийн гэрээ хийсэн. Хүүхдүүд маань Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуульд явдаг учраас энэ хавьдаа байр түрээсэлсэн. Бид ирэх есдүгээр сар хүртэл түрээсийн байранд амьдрах гэрээ хийсэн. Хэрэв түрээсийн хугацаа дуусвал бид гудамжинд гарах нь. Иймд бидний асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна. Барилгыг нураах болон шинээр барих компанийн талаарх мэдээлэл, хэдий хэр хугацаанд ажил гүйцэтгэх талаарх мэдээллийг тухай бүрд нь авч баймаар байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өчигдөр 207 дугаар байрны оршин суугчдын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 10-нд захирамж гаргаж, барилга байгууламжийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг мэргэжлийн зөвлөх баг авч, нүүрсхүчлийн хий тухайн барилга байгууламжийн бетон арматурт хэрхэн нөлөөлсөн талаар лабораторийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлт барилгыг хүчитгэвэл арматур нь зэврэх магадлалтай гэж гарсан. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа барилгын холбоод руу газар хөдлөлтөд тэсвэртэйг шалгах, хүчитгэлийн тооцоог хийлгэх хүсэлт хүргүүлсэн ч харамсалтай нь өнгөрсөн хугацаанд нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй байна. Улсын онцгой комиссын дүгнэлтээр дээрх барилгад хүчитгэл болоод урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэхэд 10 тэрбум орчим төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан. Энэ асуудалтай холбогдуулан бид Барилгын хөгжлийн төвөөс тухайн барилгыг нурааж, дахин шинээр барих тооцооллыг хийлгэж үзэхэд, буулгах зардалд 2.6 тэрбум, дахин шинээр барих ажилд 10 тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гараад байна. Барилгыг буулгалгүй, хүчитгэл хийж засварлах, буулгаж шинээр барих хоёрт ижил зардал гарах учраас энэ асуудалд оршин суугчдын саналыг сонсож байна” гэв.
Харин НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны оршин суугчидтай бид гэрээ байгуулж, түрээсийн орон сууцанд хамруулсан. Ингэхдээ гэрээний хугацааг энэ оны есдүгээр сарын 30-ныг хүртэл байгуулсан. Улсын байцаагчийн дүгнэлт гарч барилгыг нурааж, шинээр барих шийдвэр гарвал бид дахин гэрээг сунгаж, барилга ашиглалтад ортол оршин суугчдыг түрээсийн орон сууцанд байлгах ажил үргэлжилнэ” гэлээ.
Харин бид осолд өртсөн “Дашваанжил” ХХК-ийн жолооч, БХЯ-ны Э.Мөнхнарантай холбогдох гэсэн боловч утас нь салгаатай байлаа. Эх сурвалжийн хэлж буйгаар “Э.Мөнхнаранг ажлаас нь түдгэлзүүлсэн. Яллагдагчаар татагдсан хүн байхгүй учраас энэ ослыг гаргасан хүмүүс сул чөлөөтэй амарч яваа. Орон сууцны оршин суугчид болон иргэд эд хөрөнгөөрөө хохирч, олон хүн амиа алдчихаад байхад “хэрэгтэн”-үүд нь сураггүй алга болсон. Энэ асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй” гэв.
https://ergelt.mn/news/59/single/46275
URL: