Н.Мадуро сонгуульд ялсан гэж мэдээлжээ

66a7566be9515КАРАКАС, 2024 оны долоодугаар сарын 29 /BBC/. Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро ялсныг тус улсын сонгуулийн зөвлөлөөс танилцуулсан урьдчилсан дүн харууллаа.

Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга Элвис Аморосогийн мэдээлснээр, саналын хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар Н.Мадуро 51 хувийн санал аваад байгаа бол түүний гол өрсөлдөгч 44 хувийн санал авсан байна. Э.Аморосо бол Н.Мадурогийн ойрын хамтран зүтгэгч юм.

Харин Венесуэлийн сөрөг хүчнийхний зүгээс дээрх мэдэгдлийг няцааж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Тэд сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонсалесийг 70 хувийн саналаар ялалт байгуулсан гэж мэдэгдсэн байна.

Сөрөг хүчнийхний мэдээлснээр, өөрсдийнх нь хүлээн авсан саналын дүн, саналаа өгсний дараах санал асуулгын дүн болон шуурхай тооллогын дүнгээр Э.Гонсалес одоогийн Ерөнхийлөгчөөс 40 хувиар илүү санал авчээ.

Сөрөг хүчний намууд Н.Мадурогийн 11 жилийн засаглалыг дуусгавар болгохын тулд нэгдэн эвсэж, Э.Гонсалесийн нэрийг дэвшүүлсэн юм. Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгуудын дүнгээр Э.Гонсалес одоогийн Ерөнхийлөгчийг ялах төлөвтэй байжээ.

29.4 сая хүн амтай Өмнөд Америкийн тус улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд үүссэн эдийн засаг, улс төрийн хямралын улмаас 7.8 сая хүн гадаадад дүрвэсэн байна. Сонгуулийн өмнөхөн явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд дүрвэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй бөгөөд хүн амын гуравны нэг нь дүрвэж магадгүй болохыг нэгэн санал асуулгын дүн харуулсан байна. Цагаачлалын асуудал АНУ-д сонгуулийн халуун сэдэв болж байгаа тул Вашингтоны засгийн газар, мөн венесуэлчүүд олноороо дүрвэн очсон Латин Америкийн улсуудын хувьд Венесуэлд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.

Мөн Венесуэл их хэмжээний газрын тосны нөөцтэй учраас аль улстай бизнес хийх нь чухал юм. Н.Мадуро эдийн засгийн хямралын бурууг АНУ-ын хориг арга хэмжээтэй холбон тайлбарлаж, АНУ-тай таагүй харилцаатай Хятад, Иран, Орос улсуудтай нягт холбоо тогтоожээ. Засгийн газар солигдсон тохиолдолд Венесуэл эдгээр улс болон ойрын холбоотон Куба улсаас нүүр буруулж магадгүй, харин Н.Мадуро засгийн эрхэнд үлдвэл холбоотнуудтайгаа харилцаагаа улам гүнзгийрүүлнэ.


URL: