ЛеБрон Жэймс: Өдөр бүр өөр, өөр тамирчин гялалзах болно
Хүлээлт үүсгээд байсан АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг эцэст нь Парисын олимпийн эхний тоглолтоо Никола Йокич тэргүүтэй Сербийн эсрэг хийлээ. ЛеБрон Жэймс ч 12 жилийн дараа олимпийн дэвжээнээ эргэн ирж, төрийн дууллаа сонсохдоо догдолсон гэдгээ нуусангүй.
ЛеБрон Жэймс, Кевин Дюрант хоёр Сербийн эсрэг гангарч, тав дараалсан олимпийн алтан медалийн аяллаа эхлүүлэв. Сэлгээнээс тоглолтод оролцсон Дюрант 23 оноо авч алдахаа мэдэхгүй шидсэн бол ЛеБрон Жэймс 21 оноо, есөн ашигтай дамжуулалт, долоон самбар авчээ. Ийнхүү эцэст нь 110-84 гэсэн харьцаатай АНУ-ын шигшээ баг Парисын олимпийн эхний ялалтаа авлаа.
Тоглолтын дараа ЛеБрон Жэймс “Бидний хамтдаа тоглосон хамгийн шилдэг тоглолт байлаа. Өдөр бүр өөр, өөр тамирчин гялалзах болно. Бидэнд тийм хүч бий” гэжээ.
АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг олимпийн наадамд 114-6 гэсэн амжилттай болж, 100-аас дээш оноо авсан тоглолтууддаа 56-0 гэсэн амжилтыг үзүүлжээ. Хамгийн сонирхолтой нь Сербийн эсрэг тоглолтод NBA-ийн шинэхэн аварга Жэйсон Тэтумыг талбайд гаргаагүй билээ. Энэ талаар багийн ахлах дасгалжуулагч Стив Керр “Би өөрт зөв гэж бодсон тоглолтын арга барилаа хэрэгжүүлсэн. Би түүнтэй ярьсан. Тэр гайхалтай характертай залуу. Түүнийг олимпийн турш ийм байдалтай байлгана гэсэн үг биш. Тэр өөрийгөө харуулах болно. Манай залуус ч зургаан хожил байгуулахын төлөө юу хийхээ мэднэ. Жэйсон бол үнэхээр мэргэжлийн тамирчин, аварга. Тэр дараагийн тоглолтод бэлэн байх болно” гэжээ.
Эсрэг талаас Йокич талбайд 31 минутыг өнгөрүүлсэн. Энэ үед хоёр багийн оноо авалт эн тэнцүү байсан аж. Гэвч Йокич сэлгээнд суусан есөн минутын хугацаанд АНУ-ын шигшээ 26 оноо илүү авчээ. Тоглолтын тооны харьцаа 26 онооны зөрүүтэй дууссан юм.
Энтони Эдвардс Сербийн талаар “Тэдэнд дэлхийн хамгийн шилдэг тамирчин байна” гэв.
Угтаа Сербийн шигшээ баг тоглолтыг эрчтэй эхлүүлж, 10-2 гэсэн тэргүүллийг авсан. Гэвч үлдсэн хугацаанд Америк 108 оноо, Серби 74 оноо авчээ. Бүүкер “Бид Сербийг тоглолтыг сайн эхлүүлнэ гэж мэдэж байсан. Тэд Абу Дабид бидний эсрэг тоглохдоо ч тийм байсан. Тэдэнд авьяаслаг залуус бий. Бид тэднийг дутуу үнэлээгүй” гэлээ.
Олимпийн өмнө Сербийн дасгалжуулагч, 1992 онд АНУ-ын “Мөрөөдлийн баг”-ийн эсрэг Германы шигшээг дасгалжуулж байсан Светислав Песич энэ удаагийн АНУ-ын шигшээ баг Барселонагийн олимпийн “Мөрөөдлийн баг”-ийн бүрэлдэхүүнээс илүү байна гэж байв. Стив Керр ч үүнийг нь сонсоод инээжээ. Керр хариуд нь “Чак Дели Мөрөөдлийн багийг дасгалжуулахдаа нэг ч удаа завсарлага авч байгаагүй” гэв.
Стив Керрийн баг тоглолт эхлээд хоёр минут 41 секунд өнгөрсний дараа анхны завсарлагаа захиалжээ.
Анхны олимпдоо оролцож буй Стефен Көрри тоглолтын дараа “Олимпийг хожлоор эхлүүлнэ гэдэг үнэхээр чухал. Учир нь тоглолт бүр чухал. Алтан медаль авахын тулд зургаан тоглолтод хожих хэрэгтэй. Серби бол гайхалтай баг. Тэдний довтолгоо сайн, биеийн хүчний хамгаалалт хийдэг. Кевин Дюрант эхний хагаст гайхалтай байлаа. Бидэнд том давуу тал боллоо. Бидний хамгаалалт хоёрдугаар хагаст тоглолтыг нээж өглөө” гэлээ.
https://news.mn/r/2741552/
URL: