Э.МАКРОН: Олимпын наадам дуустал Засгийн газраа зарлахгүй

016a9fb0106b42f953cfa6ef97d4e827Бүгд Найрамдах Франц Улсын парламентын доод танхим буюу Үндэсний ассамблейн сонгууль “Парис-2024” олимпын наадам эхлэхээс сар өмнө болж өнгөрсөн. Тус парламентын сонгуульд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны тэргүүлдэг “Хамтдаа” нам ялагдал хүлээсэн бөгөөд зүүний үзэлт “Шинэ ардын фронт” эвсэл ялалт байгуулсан билээ. Улмаар Францын парламентад “Шинэ ардын фронт” эвсэл, “Хамтдаа” нам, “Үндэсний эвсэл” нар суудалтай болсон бөгөөд олимпын наадам эхлэх үетэй зэрэгцэн Засгийн газраа хэрхэн байгуулах тухай маргаан өрнөж эхэлжээ.

Парламентын сонгуулийн дүнтэй холбоотойгоор Францын Ерөнхий сайд Габриэл Аттал албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Тэгвэл Францын шинэ Засгийн газрын тэргүүнээр парламентын сонгуульд ялалт байгуулсан “Шинэ ардын фронт” эвслийн тэргүүлэгч Люси Кастет яригдаж буй. Мөн Габриэл Аттал суудлаасаа буусантай холбоотойгоор Ерөнхийлөгч Эммануэл Макроны байр суурийн асуудал яригдаж байв. Харин Ерөнхийлөгч Э.Макрон албан ёсоор мэдэгдэл хийж “Парис-2024” олимпын наадам дуустал Засгийн газраа зарлахгүй. Хэрэв олимптой зэрэгцэн Засгийн газар зарлавал олны дунд үймээн дэгдэж болзошгүй” гэсэн байна.


URL: