Н.Учрал: Салбар дундын уялдааг хангуулах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Үндэсний хороо байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Хурдтай хөгжлийн төлөө зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн эхний хувилбарыг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Мөн Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр Засгийн газрын 100 хоног хийх ажлын төлөвлөгөө болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаар танилцуулсан.
Түүнчлэн Сангийн сайд 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан бодлого анхан шатанд очоод хэрэгждэггүй байсан учир энэ удаад хэрэгжилт рүү илүү анхаарч ажиллах зорилт тавьсан. Ингэхийн тулд салбар дундын уялдааг хангуулах маш чухал байна. Ерөнхий сайдын дэргэд болон яамдын дэргэд байгуулагдан ажиллаж байгаа Үндэсний хороод бий. Жишээ нь, Биеийн тамир, спортын үндэсний хороо, Бүтээмжийн хороо, Хүний эрхийн хороо зэрэг бий. Тэгвэл эдгээр хороодыг нэгтгэж, заримыг нь салбар яам руу нь шууд шилжүүлж, заримыг нь цомхотгоно.
Салбар дундын уялдааг хангуулах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Үндэсний хороо байгуулна. Үндэсний хороон дээрээ Ерөнхий сайд салбар дундын уялдааг өөрөө хангаж ажилладаг шинэ нэгж рүү орж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Алсын хараа 2050 салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо” байгуулах тухай тогтоолыг төслийг баталлаа.
“Алсын хараа 2050” урт хугацааны бодлого амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх, бартаа саад байгаа эсэхийг нягтлах зорилгоор Ерөнхий сайд зөвхөн салбар дундын уялдааг хангах Үндэсний хороог өөрөө ахална. Үүн дээр холбогдох сайд нарыг оруулсан. Дээрээс нь УИХ-д жагсаалтаар сонгогдсон мэргэжлийн экспертүүдийн төлөөллийг оруулаад энэхүү Үндэсний хороог байгуулж байна” гэлээ.
URL: