Тахилтын нүхэн гарц, 22-ын товчоо, Яармагийн замуудын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг яаралтай гаргах үүрэг өгчээ

57ed16d1720695b52e80af3ea0e4c4feНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Геодези, усны барилга байгууламжийн газарт 22-ын товчооны зам, Тахилтын нүхэн гарц, Яармагийн зам, Зуслангийн замуудын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг яаралтай гарган Засаг даргын зөвлөлд танилцуулах үүрэг өгөв.

Дүүргийн засаг дарга нар үерийн нөхцөл байдалд дүүрэг дээрээ ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар дараах мэдээллийг өглөө.

Чингэлтэй дүүрэг: Үерийн дуудлага ирээгүй. Цаашид 2-3 байршилд үерийн усны нөхцөл байдал үүсэж магадгүй байгаа учир бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Багануур дүүрэг: Үерийн дуудлага ирээгүй. Их хэмжээний борооны улмаас авто замын эвдрэл нэмэгдэж байгаа учраас хоёр байршилд шинээр автозам хучих ажил хийгдэх юм байна.

Хан-Уул дүүрэг: Үер усны 10 дуудлага ирсэн. Өчигдөр Нисэхийн 10-р хороо 7-р байр, 2-р хороо 7,8-р байрны хэсэгт үерийн усыг шавхаж ажилласан. Мөн 14-р хороо Өлзийтийн хэсэгт далан сэтэрч айлын хашаа руу ус орсон дуудлага ирсэн. Даланг эргэж бэхжүүлэн айлууд руу орсон усыг соруулжээ.

Мөн Арцат Нүхтийн амнаас үерийн ус бууснаас болж Наадамчдын замын урд талын хэсэг тэр чигтээ усанд автсан. 21:40 цагт усыг бүрэн шавхаж дууссан. Ус тогтох болсон шалтгаан нь замын цэвэрлэх байгууламжийн даац хэтэрсэн байсан. ХУД-ийн хэмжээнд нийт хоёр ус сорох нацос, 12 ширхэг жижиг нацосыг ажиллуулж байна гэв.

Баянгол дүүрэг: Таван байршилд ус тогтсон дуудлага ирсэн. Төмөр зам, 10-р хороолол, Нарны гүүр орчим ус тогтсон хэсэгт соруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Дүүргийн хэмжээнд таван автомашин, гурван помп бэлэн байдалд ажиллаж байгаа. Орон сууцны зарим СӨХ-үүдэд 20ш насос олгохоор бэлдсэн байгаа аж.

Сүхбаатар дүүрэг: Гурван дуудлага ирсэн. Үүнээс 3-р хороо 8а байр, 1-р хороо 56б байранд ажилласан. Мөн S`Outlets-н хуучин суурин дээр цугларсан усыг соруулсан гэв.

Сонгинохайрхан дүүрэг: Долоон удаагийн дуудлага ирсэн. 1-р хорооллын зам, Барилгачдын гудамж, 22-р хороо Тахилтын нүхэн гарцад ус тогтсон. Шөнийн 01:30 цагт усыг бүрэн шавхсан. Нэг автомашин усанд автсан.

Тахилтын нүхэн гарцын үерийн жалганд иргэд хог хаясны улмаас дүүрч ус давж орж ирсэн байсан гэдгийг тус дүүргийн засаг дарга онцлов. Өнөөдөр зарим шаардлагатай газруудад шуудайтай хайрга, элс тавих ажлыг зохион байгуулах юм байна.

Багахангай дүүрэг: Айл өрх усанд автсан дуудлага ирээгүй. Үерийн байгууламж гэмтсэн. Хүчитгэх ажил хийгдэнэ. Найман орон сууцны дээврээс ус гоожиж байгаа. Эрүүл мэндийн төвийн зоорины давхар усанд автаж соруулах арга хэмжээ авагдсан гэв.


URL: