Дэд сайдуудыг дахин томилох вий!

zasag-810x500Хамтарсан Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригт анхны хуралдаанаа хийх үеэрээ өмнөх Засгийн газрын 13 дэд сайдыг чөлөөлсөн юм.

Гэвч шинээр дахин дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаар томилох вий гэдэг болгоомжлол гарч эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг байгуулах үедээ “Олон нийтийн саналаар дэд сайд ажиллуулах эсэхийг шийднэ” хэмээн мэдэгдсэн.

Хэдийгээр олон нийт цомхон Засгийн газар ажиллах ёстой гэсэн байр суурь барьж байгаа ч улс төрийн хүрээнийхэн дунд “Дэд сайдыг нүд үзүүрлэж болохгүй. Сайдын эзгүйд хамаг бор ажлыг нугалдаг хүмүүс чинь дэд сайд. Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар энэ сонгуулиар хаваржин баруун аймагт ажиллаад эзгүй байх хойгуур дэд сайд асан Г.Түвдэндорж яамныхаа ажлыг  нугалсан. Баригдаж дуусдаггүй Дарханы замыг урагшлуулахад Зам тээврийн дэд сайд асан Л.Халтар л сахиж суусны хүчинд өдий зэрэгтэй болсон” гэх зэргээр өмгөөлж буй юм.

Мөн хамтарсан Засгийн газрын нэг багана нь болж ажиллах болсон Ардчилсан намынхныг дэд сайдын албыг хэвээр үлдээх сонирхлоо илэрхийлсэн тухай мэдээлэл гарч эхэлсэн ч МАН-д эл албан тушаалыг байлгах сонирхолтой гишүүд олон аж.

Хамтарсан Засгийн газар байгуулснаар МАН дотор олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэл үүссэн байна.  Хэдийгээр Ерөнхий сайдын зүгээс “Төрийн жинхэнэ албан хаагч нарыг чөлөөлөхгүй, шинээр рон тоо бий болгохгүй байх” чиглэлийг сайд нартаа өгсөн ч сонгуульд өрсөлдөөд өвдөг шороодсон түшээдээс эхлээд олон хүн удирдлагуудаа эргэж тойглон, ажил ээрэх болжээ.

Иймээс дэд сайдын томилгоо нэрсээ солин эргэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх вий гэдэг хардлага гарч байгаа юм.

Сануулахад, өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас 13 дэд сайдыг чөлөөлөхөд дараах хүмүүс багтсан юм.

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд М.Ганбаатар
  • Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо
  • Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
  • Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр
  • Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
  • Зам, тээврийн дэд сайд Л.Халтар
  • Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго
  • Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд
  • Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
  • Соёлын дэд сайд П.Баттөр
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж нар юм.

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсон юм.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2739807/


URL: