Жо Байден “Covid-19″ тусчээ

20220708-181301-US-NEWS-BIDEN-ABORTION-ACCESS-1-ABA-810x500Өчигдөр орон нутгийн дэлгүүрүүдээр зочилж, сонгогчидтой уулзаж байсан ерөнхийлөгч Жо Байдены ”Covid-19″-ийн тест эерэг гарчээ. Улмаар өнөөдөр болох байсан “UniDosUs” арга хэмжээнд оролцож чадахгүй болсон байна. Энэ талаар арга хэмжээг зохион байгуулж буй Жанет Мургуиа мэдээлсэн бөгөөд “Дөнгөж сая ерөнхийлөгчтэй утсаар ярилаа. Тэр бидэнтэй өнөөдөр цагийг өнгөрөөж чадахгүйдээ сэтгэл дундуур байна гэж хэлсэн. Ерөнхийлөгч Байдены ”Covid-19″ шинжилгээний хариу эерэг гарсан байна” гэж арга хэмжээний үеэр хэлжээ.  Ерөнхийлөгч Байден яг хэзээ, хаанаас “Covid-19″-ийн халдвар авсан нь тодорхойгүй байна. Гэхдээ АНУ-ын Эрүүл мэндийн яам түүнийг 24 цаг ямар ч эм хэрэглэхгүйгээр гэртээ байхыг зөвлөсөн бөгөөд биеийн байдал хэвийн бол тав хоногийн дараагаас олон нийтийн арга хэмжээнд амны хаалттай оролцож болно гэж зөвлөжээ.

Ерөнхийлөгч Байден өмнө нь “Covid-19″-ийн халдвар авч байсан бөгөөд тусгаарлалтад байх хугацаандаа цахимаар ажлаа үргэлжлүүлж байсан.

Тиймээс энэ удаа ч мөн адил цахимаар ажлаа үргэлжлүүлнэ гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Гэхдээ сонгуулийн сурталчилгааны үед олон нийтээс тусгаарлагдах болсон нь олон нийтийн санаа бодлыг улам бүр эргүүлэх боломжтой. Тодруулбал, энэ сарын эхээр болсон Цагаан ордны төлөөх мэтгэлцээнд Байденг тун тааруу оролцсон гэж ард иргэд, намын нөхөд нь үзэж буй. Мөн өнгөрсөн Бямба гаригт Дональд Трампийг хөнөөх гэж оролдсон үйл явдлын дараа олон нийт Трампийг илүүд үзэх болсон юм. Тиймээс ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл Байден карантинд байх хугацаандаа сонгогчдын саналыг авах арга сэдэх хэрэгтэй.

Эх сурвалж: CNN


URL: