Q&A: Допинг тойрсон эргэлзээтэй, ойлгомжгүй асуултуудад хариулъя

20240711-ORG05788-810x500 (1)Баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар хороо болон Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын/МОНАДА/ зүгээс өчигдөр/2024.07.17/ улсын баяр наадмын допингийн хариуг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ допингтой холбоотой эргэлзээтэй асуултууд дээр хариулъя.


Допингийн шинжилгээний хариу ирсэн үү? Хичнээн бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн бэ?

-Улсын баяр наадамд дөрөв давсан, сурын харваанд тэргүүлсэн нийт 48 бөх, харваачийн сорьц Улаанбаатарын цагаар долдугаар сарын 14-ны 02:00 цагт Германы Дрезден хотын лабораторид хүргэгдэж, долдугаар сарын 15-ны 22:40 цагт хариуг цахим шуудангаар ирүүлсэн. Нийт 48 хүний 48 сорьцын 44 нь асуудалгүй, ямар нэгэн хориотой төрлийн бодис илрээгүй. Өөрөөр хэлбэл, 44 сорьцоос допинг илэрсэнгүй. Харин дөрвөн сорьцыг дахин нарийвчилсан шинжилгээнд оруулах шаардлагатай аж.

Допинг илэрсэн гэх ямар ч хүний нэр зарлаагүй гэдгийг сануулъя.

Тэгэхээр допингтой дөрвөн хүн байгаа гэсэн үг үү? Нарийвчилсан шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Албаны хүмүүсийн мэдээлснээр тус дөрвөн сорьцоос хориотой бодис илэрсэн эсэхийг албан ёсоор мэдэгдээгүй гэнэ. Тэгэхээр допинг илэрсэн эсэхийг хэлэхэд эрт байна. Нарийвчилсан шинжилгээний хариу гарахад 14-21 хоног болно.

Дөрвөн бөх Б сорьцоо шинжлүүлж байгаа гэсэн үг үү?

-Үгүй. Зөвхөн А сорьцыг дахин шинжилгээнд оруулж байна. Хэрэв А сорьцоос допингийн төрлийн хориотой бодис илэрвэл тухайн бөх, харваачид хариуг нь мэдэгдэж, Б сорьцоо шинжлүүлэх эсэхийг нь лавлана. Тухайн бөх, харваач Б сорьцоо шинжлүүлнэ гэвэл Герман руу өөрийн биеэр очиж эсвэл цахимаар хүсэлтээ өгч шинжилгээнд оруулна.

Олон улсад ингэж А сорьцыг дахин шинжилгээнд оруулдаг юм уу?

-Олон улсад А сорьцыг дахин нарийвчилсан шинжилгээнд оруулах, бүлэг сорьцын хариуг хоёр хувааж илгээх, танилцуулах асуудал гардаггүй. Гагцхүү тухайн лаборатори сорьцыг шинжлэх үедээ өөрсдөөсөө шалтгаалсан алдаа гаргасан бол энэ талаараа мэдэгдэж, хугацааг сунгах боломжтой эсэхийг лавладаг. Тухайн тамирчны сорьцод дахин шинжилгээ хийх шаардлагатай бол тухайн тамирчны хүсэлтээр Б сорьцыг нь шинжлэх учиртай.

Хариу нь ирсэн 44 бөх, харваачдад сорьцоос нь допингийн төрлийн хориотой бодис илрээгүй гэдгийг нь мэдэгдсэн үү?

-Одоогийн байдлаар шинжилгээ өгсөн 48 хүний хэн нь ч хариутайгаа танилцаагүй байна. Бүх 48 сорьцын хариу ирсний дараа зарлах болно.

Өнгөрсөн жилүүдийнх шиг допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг зарлаж болохгүй юу?

-Өнгөрсөн жилүүдэд бөхийн салбар хороо, МОНАДА процессын буюу шинжилгээ авах, тээвэрлэх, хариуг зарлах зэрэг ажлуудаа тун тааруу гүйцэтгэж, алдаа гарган үүний улмаас допинг илэрсэн бөхчүүд спортын арбитрт хандаж барилдах эрхээ хасуулахгүй байх, хугацааг нь багасгах зэрэг “зальт” аргуудыг хэрэглэж байв. Өөрөөр хэлбэл, бөхийн салбар хороо, МОНАДА дотроосоо мэдээлэл гаргаж, задалдаг байсан нь тамирчны эрхэнд халдаж буй ноцтой үйлдэл байсан. Тиймээс энэ жил мэдээлэл задруулахгүй байх тал дээрээ анхаарч, зөвхөн албан ёсны мэдээлэл хийж байна. Албаны хүмүүсийн үгэнд л итгэж, тэдний мэдээллийг хүлээх нь хамгийн зөв зам.

Бөхийн салбар хороо, МОНАДА энэ жил үүрэгт ажлаа алдаа мадаггүй гүйцэтгэж, процессын алдаа гаргаагүй гэв.

48 сорьцын хариу бүрэн ирвэл допингтой бөхчүүдийн нэрсийг ил зарлах боломжтой юу?

-Боломжтой. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9 дэх заалт дээр “Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу тамирчин болон бусад этгээд, энэ дүрмийн 14.2-т заасны дагуу зохих допингийн эсрэг байгууллагад мэдэгдсэний дараа дүрэм зөрчсөн тухай мэдэгдэл хүлээн авсан тамирчин, хориотой бодис, хориотой арга, дүрэм зөрчигдсөн нөхцөл байдал, зөрчлийн шинж чанар болон тухайн тамирчинд түр түдгэлзүүлэх шийтгэл оноосон талаар олон нийтэд мэдээлж болно” гэжээ.

Тухайн тамирчны нэр, өрсөлдсөн төрөл, ямар хориотой бодис хэрэглэсэн зэргийг ил мэдээллэх заалттай.

Гагцхүү барилдах эрхийг нь түр түдгэлзүүлэх учиртай. Үүний дараа тухайн тамирчны сонсголыг зохион байгуулж, тайлбар авах болно. Үүний дараа хэдэн жилээр барилдах эрхийг нь хасах вэ гэдгийг шийднэ.

Допингтой бөхөд ямар шийтгэл оноох вэ?

Допингийн эсрэг үндэсний дүрмийн арав дахь бүлэг нь бүхэлдээ хувь хүнд шийтгэл оногдуулах заалттай. Олон хүчин зүйлс, нөхцөл байдлаас шалтгаалан тухайн тамирчинд ямар шийтгэл оноох нь тодорхой болно. Хуучин шиг допинг хэрэглэсэн л бол хоёр хүртэлх жилээр, давтан хэрэглэсэн бол дөрөв хүртэлх жилээр барилдах эрхийг нь хасдаг үе өнгөрсөн. Үндэсний дүрэмтэй болсноор олон хүчин зүйлсийг бодолцож, барилдах эрхийг нь янз бүрээр хасах болсон.

Та бүхэн допингийн эсрэг үндэсний дүрэмтэй энд дарж танилцана уу

 

https://news.mn/r/2739740/


URL: