“Сэргээшийн хариуг урьдчилж хэлэх боломжгүй”
Эрийн гурван наадмыг бөхгүйгээр төсөөлшгүй. Үзэгч түмний бахархан дээдэлдэг спортын нэг. Наадмаас өмнө таамаг дэвшүүлж, дэмждэг бөхийнхөө дээлийн захыг нь мушгиж суудаг хүмүүс бол үзэгчид. Үүнээс монголчууд бөхөө дээдэлдэг болох нь харагдана. Гэвч үндэсний өв соёл, дархлаа болсон спортын нэр хүндэд нөлөөлж, муухай харагдуулдаг зүйлийг нэрлэвээс сэргээш.
Жил бүрийн наадмын дараа энэ асуудал дуулиан дагуулдаг. Энэ үед тухайн бөх нь буруугаа хүлээхгүй мэлзэж, түмэн олон сэтгэл нь гонсойдог гэхэд хилсдэхгүй. Допингийн дуусахгүй маргаан наадмын дараагаас эхэлж жил дамнан үргэлжилдэг болоод хэсэг хугацааг үдэж байна.
Энэ жилийн наадам буюу Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож үзэгч олноо цэнгүүлсэн. Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан бөхчүүд, эрэгтэй, эмэгтэй эхний найман сур харваачаас допингийн шинжилгээ авна гэж заасан байдаг.
Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу 32 бөх, 16 харваач нийлсэн 48 тамирчныг шинжилгээнд хамруулжээ. Энэ жил шинжилгээний сорьцыг Герман улсын Дресден хотын Дэлхийн допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн лабораторид хийх гэрээ байгуулсан. Хариу нь 48 цагийн дараа гарна.
Нарийн шинжлэх шаардлагатай бол 14-21 дотор шинжилгээний хариуг ирүүлэхээр болсон. Тэгвэл өчигдөр Үндэсний бөхийн салбар хороо болон Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран мэдээллээ. Лабораториос хариу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өнгөрсөн 15-ны 22:00 цагт цахим шуудангаар 44 сорьцын хариуг ирүүлсэн аж. Тус байгууллагаас хариуг нь үндэсний бөхийн салбар хороонд 16-ны өдөр битүүмжилсэн албан бичгээр өгсөн гэдгээ онцлов. Одоогоор ирсэн 44 тамирчны хариунаас хориотой бодис илрээгүй байна. Харин дөрвөн сорьц нь лабораторийн нарийвчилсан шинжилгээнд орж байгаа гэсэн мэдээлэл өгөв.
Допингийн шинжилгээ авах үйл ажиллагаанд Үндэсний бөхийн салбар хороо оролцдоггүй
Үндэсний бөхийн салбар хорооны дарга бөгөөд Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар:
-Үндэсний бөх нь Монголын өв соёлыг тээдэг. Тус спортыг олон улсад хориглодог допингийн бодисоос урьдчилан сэргийлэх, зөрчилгүй зохион байгуулах үүргээрээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороо нь жил бүр олон улсын дүрмийг барьж ажиллаж байна. Мөн үндэсний бөхөө шударга байлгах гэсэн түмэнтэйгээ ижил зорилготой. Тиймээс сэргээштэй хатуу тэмцэж ирсэн. Үндэсний бөхийн салбар хороо нь допингийн эерэг үндэсний байгууллагатай хамтран зургаа болон долоодугаар сард тус салбар хорооны гишүүд шинжилгээ авах үйл ажиллагаанд хяналт тавиулах хууль сахиулах байгууллагын алба хаагч, Монголын үндэсний бөхийн холбооны төлөөллийг үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх болон допингийн хяналтын ажилтны сургалтад хамрууллаа. Үүнээс гадна наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын үеэр үндэсний бөхийн багш дасгалжуулагч, дэвжээний ахлагч нарт зориулсан дэлхийн допингийн эсрэг байгууллагаас гаргасан хориотой төрлийн бодсын хор уршиг, урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулсан. Хэд хэдэн удаа олон улсын сургалт зохион байгуулж, үйл ажиллагаандаа анхаарлаа. Энэ нь спортыг шударга байлгахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ. Бидний зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан гэж ойлгож болно. Үндэсний бөхийн салбар хороо допингийн шинжилгээ авах үйл ажиллагаанд оролцдоггүй. Энэ нь олон улсын стандарт дүрмийнхээ дагуу гэрчилгээтэй газар авдаг. Хариуг олон улсын лаборатори гаргана.
Сорьц цуглуулахад ямар нэгэн алдаа гаргаагүй
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа:
-Монголд үндэсний допингийн эсрэг байгууллага хадгалах, тээвэрлэх лабораторид хүргүүлэх ажлыг хийсэн. Герман улсын лаборатори энэ удаагийн шинжилгээг хариуцлаа. Сорьц цуглуулахад ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Дөрвөн сорьц лабораторийн нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу ирээгүй байна. Одоогоор сэргээшийн төрлийн бодис илэрсэн, илрээгүй гэсэн хариуг гаргах боломжгүй. Хэрэв сорьцод допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тохиолдолд Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран үр дүнгийн удирдлагын хэрэгжүүлэх багийг томилж тухайн тамирчинд Дэлхийн допингийн эсрэг дүрэмд заасны дагуу шинжилгээний хариуг мэдэгдэж, эрх, үүргийг танилцуулах, тайлбар авна. Сорьцын хариуг зөвшөөрөхгүй бол “B” сорьцын шинжилгээ өгөх, эсвэл хариуцлага тооцох саналыг танилцуулах арга хэмжээ тооцно. Сүүлийн үед үндэсний бөхийн тамирчид допинг хэрэглэх, хэрэглэсэнтэй холбоотой маргаан нь шүүх, допингийн Давж заалдах комисс дээр хэлэлцэгдэж, эхнээсээ шийдвэрлэгдэж байна. Тухайлбал, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний бөхийн барилдааны түрүү бөх, 101 жилийн ойн бөхийн барилдаанд дөрөв давсан бөх тус тус сэргээш хэрэглэсэн. Энэ маргааныг өнгөрсөн хавар допингийн давж заалдах комисс дээр эцэслэн шийдвэрлэсэн.
Хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний бөхийн салбар хорооноос үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж хариуцлага оногдуулахдаа Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Допингийн эсрэг үндэсний дүрмийн зарим заалтыг зөрчсөн гэж Давж заалдах комиссоос үзсэн байдаг.
Үндэсний их баяр наадмын тухай хууль 2022 онд батлагдсан. Энэ хуулиараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж наадмаар амжилттай барилдсан бөхчүүдэд цол олгодог. Харин допингийн төрлийн бодис илэрвэл цолыг нь хураадаг зохицуулалттай. Сорьц нь ирсэн 44 тамирчны нэрийг одоогоор зарлах боломжгүй гэдгийг илэрхийлэв. Учир хувь хүний нууцыг хамгаалах олон улсын стандартыг зөрчих учраас тэр ажээ. Харин хариу ирснээс хоёр өдрийн дараа зарлаж байгаа нь салбар хороонд ирсэн хугацаа болон ажлын зохион байгуулалттай холбоотой хэмээн тайлбарлав. Допингоос гадна наадмаар барилдсан хэд хэдэн бөх хиймэл зүлгээс шалтгаалж гэмтэж, зарим нь халтирч дараа жилийг хүлээх болсон. Тэгвэл одоогоор гэмтэж бэртсэн бөхчүүд санал гомдол ирүүлээгүй байгаа гэнэ. Хэрэв санал, гомдол ирж, жаяг дэгийн багаас тайлангаа ирүүлбэл Үндэсний бөхийн салбар хороо хүлээж авч шийдвэр гаргана гэдгээ илэрхийлсэн юм.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: