Коби Брайантын аав Жо Брайант таалал төгсчээ
Сагсан бөмбөгийн домогт тамирчин асан Коби Брайантын аав Жо Брайант 69 насандаа таалал төгсчээ. Тэрээр орон нутгийн цагаар Мягмар гаригт цус харвасны улмаар нас нөгчсөн гэнэ.
Ла Салле багийн дасгалжуулагч Фран Данпигийн мэдэгдэлд “Ла Салле сагсан бөмбөгийн багийн агуу Жо Брайант таалал төгссөн гэх гунигт мэдээг та бүхэндээ дуулгаж байна. Жо Брайант Ла Салле их сургуулийн багт 1973-75 онуудын хооронд тоглож, 1993-96 оны хооронд дасгалжуулагчийн багийн гишүүн байв. Тэр бол Ла Салле Эксплорер гэр бүлийн хайрлагдсан гишүүн байсан. Түүнийг үүрд санан дурсах болно” гэжээ.
Жо Брайант 1975 оны NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн 14 дэх сонголтоор Голден Стэйт Уорриорс багт сонгогдсон ч тэр өдрөө төрөлх Филадельфиа 76 баг руу солилцоогоор очсон түүхтэй. Тэрээр NBA-д найман улирал тоглохдоо 76, Клипперс, Рокетс багууд тоглож байв. Мөн WNBA-ийн Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан удаатай.
Түүний хүү Коби Брайант 2020 оны нэгдүгээр сард охин Жианна болон бусад долоон хүний хамтаар нисдэг тэрэгний ослоор амиа алдсан билээ.
Коби Брайантын бэлэвсэн эхнэр Ванесса Брайант өөрийн инстаграм хуудаснаа “Хадам аавынхаа таалал төгссөн тухай мэдээг сонслоо. Эмгэнэл илэрхийлье. Бид энэ бүхэн өөр байгаасай гэж найдсан. Хэдийгээр бид хамтдаа бага хугацааг хамтдаа өнгөрүүлсэн ч тэр үргэлж найрсаг, сайхан зантай байсан. Коби түүнд үнэхээр хайртай байсан” гэжээ.
Жо Брайант NBA дэх замналаа өндөрлүүлэн Франц, Италийг зорьсон. Бяцхан Коби Брайант Италид байхдаа сагсан бөмбөгт гүн дурлаж, Италиар чөлөөтэй ярьдаг болсон билээ. Кобиг 13 настай байхад түүний гэр бүл Италиас нүүж эргэн Филадельфиа хотод ирсэн.
NBA-ийн түүхэнд хамгийн олон оноо цуглуулсан аав хүүгээр Коби Брайант (33,643 оноо) болон Жо Брайант нар (5,252 оноо) одоогоор тодроод байгаа бөгөөд хэрэв ЛеБрон Жэймсийн хүү Бронни Жэймс NBA-ийн албан ёсны анхны тоглолтдоо оролцвол энэ амжилтын эзэд болно.
URL: