Шарилж, луулийг зулгааж болохгүй!

64492554_1506486216153334_706285085241901056_n_20190621031545-810x480Долдугаар сарын сүүл үед шарилж, лууль зэрэг хөл газрын ургамлын тоосжилт нэмэгдэж, үрээ цацаж эхэлдэг аж. Улмаар иргэдийн дунд амьсгалын замын харшил нэмэгдэж, сэдэрдэг байна. Энэ үеэр харшилтай хүмүүс нүд загатнах улайх, нулимс гоожиж, найтаах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ажээ. Иргэд ихэвчлэн хөл газрын ургамлыг зулгааж авдаг. Ингэх нь хөрсний нөхөн төлжилтийг бууруулж, илүү их ургах нөхцөлийг бүрдүүлж, тоосжилтыг нэмэгдүүлэн харшлыг улам сэдрээдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Хөл газрын харшил үүсгэгч ургамлын тоосжилт эхлэхээс өмнө буюу өдийд хадалт, тайралт зэргийг хийх нь үр дүнтэй байдаг. Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир зургадугаар сарын сүүлийн долоо хоногоос наймдугаар сарын дунд үе хүртэл гурван удаагийн давтамжтай тайралт хийх шаардлагатай” гэв.

Эхний тайралтыг зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 1, хоёр дахь тайралт долдугаар сарын 15-25-ны хооронд, гурав дахь тайралтыг наймдугаар сарын 5-15-ны хооронд хийх ёстой байдаг байна.

Ингэхдээ малгай, нүдний шил, бээлий, амны хаалт зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай аж. Хадалт, тайралтыг жил бүр тогтмол хийснээр шарилж, лууль багасч зүлэг нэмэгддэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.


URL: