ЕВРО-2024: Испаничууд аваргын цомыг өргөлөө

17210146166694733865a68БЕРЛИН, 2024 оны долоодугаар сарын 15. /DW/. Испанийн шигшээ баг Английн багийг ням гарагт 2:1-ийн харьцаагаар буулган авснаар Германд болсон Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ аварга боллоо.

Берлин хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон шувтаргын тоглолтын үеэр испаничууд онооны харьцааг нээж, Испанийн зүүн жигүүрийн довтлогч Нико Уильямс хоёрдугаар үеийн эхний минутад эсрэг багийн хаалганд гоол оруулжээ.

Улмаар тоглолтын 73 дахь минутад Английн тамирчин Коул Палмер гоолдсоноор англичууд тооны харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн юм. Харин тоглолтын 86 дахь минутад Испанийн довтлогч Микель Оярсабаль хожлын гоолыг оруулав. Ингэснээр Испанийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлсэн амжилтын эзэд боллоо. Тэд 2012 оноос хойш анх удаа Европын аваргын цомыг өргөж байгаа нь энэ юм.

Харин ЕВРО-2020 тэмцээний финалд шалгарч байсан Английн шигшээ баг энэ удаа дахин хоёрдугаар байрт шалгарлаа.

Испанийн довтлогч Ламин Ямалийн хувьд ЕАШТ-ий финалд оролцсон хамгийн залуу тоглогч болж түүхэнд бичигджээ. Барселонагийн залуу од тэрбээр 17 нас, нэг хоногтойдоо шувтаргын тоглолтод оролцсон байна. ЕВРО-2024 тэмцээний “Шилдэг тоглогч”-оор Испанийн хагас хамгаалагч Родри шалгарчээ.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: