Н.Батсуурь: Ирж дэмжсэн “Увс нуур” бөхийн дэвжээнийхэн болон нутгийн ард олон, бөхчүүддээ баярлалаа

Н.Батсуурь: Ирж дэмжсэн "Увс нуур" бөхийн дэвжээнийхэн болон нутгийн ард олон, бөхчүүддээ баярлалааҮндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх, даян аварга Н.Батсуурьт Монгол Улсын дархан аварга цол хүртээсэн.

Тэгвэл отгон дархан аваргыг ”Увс нуур” дэвжээний хамт олон болон бөх сонирхогчид өчигдөр наадам дууссаны дараа угтан авч, баярт мөчийг нь хуваалцсан байна. Энэ үеэр дархан аварга Н.Батсуурь ”Өнөөдөр их сайхан өдөр байна. Увс аймаг Үндэсний бөхийн дархан аваргатай боллоо.

2022 оны наадмын үеэр дархан аварга Х.Баянмөнх цаг нь болоогүй байна. Цаг нь ирэхээр болдог юм гэж байсан. Өнөөдөр цаг нь болсон юм байна.

Ирж дэмжсэн “Увс нуур” бөхийн дэвжээний хамт олон болон нутгийн ард олон, бөхчүүддээ баярлалаа. Үүнээс цаашаа “Увс нуур” бөхийн дэвжээ олон сайхан амжилт үзүүлэх болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсаныг эх сурвалжууд дурджээ.


URL: