Дональд Трамп халдлагад өртжээ

Screenshot 2024-07-15 091829АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг хэдхэн цагийн өмнө Пенсильвани мужийн Батлер хотод болсон сонгуулийн арга хэмжээний үеэр үг хэлж байхад буун дуу гарчээ. Энэ үеэр Дональд Трамп газарт унасан бөгөөд тусгай албаныхан түүнийг нүүлгэн шилжүүлэхэд тэрбээр босож, сонгогчид руу гараа атган өргөсөн байна. Харин чих нүүр нь цус болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Трампын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чун “Ерөнхийлөгч Трамп энэхүү бусармаг үйлдлийн үеэр шуурхай арга хэмжээ авсан хууль сахиулах байгууллага болон яаралтай тусламжийн ажилтнуудад талархаж байна. Түүний биеийн байдал сайн бөгөөд орон нутгийн эмнэлэгт үзүүлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгөх болно” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын тусгай албаныхан уг хэргийг шуурхай шалгаж байгаа бөгөөд буудсан этгээд зэргэлдээх барилгаас гал нээсэн байх магадлалтай гэжээ.


URL: