БНСУ-д ухаалаг утас, интернэтэд донтсон хүмүүсийн тоо гурав дахин өсжээ

image-d919e85a-406a-481b-bbdf-149fe4ff2ab6

БНСУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар өнгөрсөн онд 10 солонгос хүн тутмын долоо нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, тэр дундаа хэт их стресс, сэтгэл гутралтай байжээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 2022 онд хийсэн өмнөх судалгаатай харьцуулахад 10 орчим пунктээр өссөн нь асуудал улам дордсоныг харуулж байна. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны шууд удирдлагад байдаг тус төв нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах бодлого боловсруулахад туслах  зорилгоор 2016 оноос судалгаа явуулж эхэлсэн. Уг судалгааг 2022 оноос хойш хоёр жил тутамд хийдэг.
Хамгийн сүүлийн судалгааг хоёрдугаар сараас тавдугаар сар хүртэл онлайнаар явуулсан бөгөөд 15-69 насны 3000 хүнийг хамруулсан байна. Судалгаанд оролцогчдын 78.8 хувь нь өдөр тутмын амьдралдаа эрүүл саруул ухаантай байхыг хичээдэг гэж хариулсан ч 73.6 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэж хариулсан нь 63.9 хувьтай харьцуулахад 9.7 хувиар өссөн байна. Тэдгээрийн дотроос хэт их стресст орсон хүмүүсийн хувь 36 хувиас 46.3 хувь болж өссөн бол хэд хоног үргэлжилсэн гутралтай хүмүүс 30 хувиас 40.2 хувь болж өссөн байна.
Ухаалаг утас, интернэтэд донтсон хүмүүсийн тоо 2022 онд 6.4 хувь байсан бол 18.4 хувь болж, амиа хорлохыг бодсон хүмүүсийн тоо 8.8 хувиас 14.6 хувь болж өссөн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан хүмүүсийн 49.4 хувь буюу хамгийн өндөр хувь нь гэр бүл, хамаатан саднаасаа тусламж хүссэн бол 44.2 хувь нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд хандсан, 41 хувь нь найз нөхөдтэйгээ ярилцсан байна.
Судалгаанд оролцогчдын 90 гаруй хувь нь хэн ч ийм өвчнөөр өвчилж болно гэдэгтэй санал нийлсэн бол 61.4 хувь нь сэтгэцийн эмгэг нь тархины нэг төрлийн эмгэг гэж хариулжээ. Нөгөөтэйгүүр, 50,7 хувь нь зарим найз нь сэтгэцийн өвчтэй бол тэднээс зайлсхийдэг гэж хариулсан нь өмнөх судалгаагаар 39,4 хувьтай байсан. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг бусдаас илүү аюултай гэж үзсэн хүмүүсийн тоо 64 хувиас 64.6 хувь болж бага зэрэг өссөн байна.
Эх сурвалж: Koreatimes

URL: