УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы завсарлагааны хугацаанд гишүүдийг ажилтайгаа сайтар танилцахыг сануулжээ

IMG_5064-1140x570Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулган хаалтаа хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан ес дэх удаагийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар гишүүд тангаргаа өргөж, намын бүлгүүд байгуулагдан, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Түүнчлэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилон, Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталж, улмаар хамтарсан Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд танилцуулж, тангараг өргүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлт, сонгуулийн холимог тогтоолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал, эх орныхоо ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж байна. Иймд, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү мэргэжлийн түвшинд  явуулах ёстой.

Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, олон нийт, салбар салбарын дуу хоолой болж, монголчуудын амьдралд тулгамдаж байгаа болон шинэ тутам үүсэж буй асуудлуудын бодит шийдлийг олж, зохих хууль тогтоомжид тусгуулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Улмаар Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч байгууллага гэдгийг баталгаажуулж, олон нийтийн зүгээс Улсын Их Хуралд өгөх үнэлэмж, итгэлийг дээшлүүлэх шаардлага бидний өмнө байна.

Иймд тангаргаа өргөсөн гишүүд Та бүхэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын төрийн тогтолцоо, парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг анхааралдаа авахаас гадна улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй ажиллахыг хүсье.

Чуулганы завсарлагын хугацаанд гишүүн бүр ажилтайгаа сайтар танилцаж, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, санаачлах хууль тогтоомжийн чиглэлээ тодорхойлон иргэд, олон нийттэй уулзалт, хурал зохион байгуулж идэвхтэй ажиллах нь зүйтэй байна.

Улсын Их Хурлын даргын хувиар Та бүхний мэргэжил, туршлагад үндэслэн салбар салбарын эрх зүйн орчинд тулгамдсан асуудлыг тодорхойлох, холбогдох хууль эрх зүйн орчныг нарийвчлах, тодорхойгүй, тэгш бус байдлыг арилгах чиглэлээр гишүүн бүртэй тухайлан хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Эхний ээлжид хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, үүрэг хариуцлагын зохистой түвшинг баталгаажуулах, зах зээлийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар ойрын хугацаанд  ажлын хэсэг байгуулж, зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэх болно.

Илүү мэргэжлийн бүтээлч, ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч хэлэлцүүлгийн үр дүнд цагаа олсон, бодитой, үр ашигтай бодлогыг дэвшүүлж, хяналт тавьж, дүгнэж чаддаг шинэ цагийн улс төрийн соёлын төлөө хамтран ажиллацгаая.

Шинээр бүрдэж байгаа хамтарсан Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сан, 20 минутын хот, Шинэ хоршоо болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг чухал бодлого, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй байна.

Эдгээр бодлогын баримт бичиг, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудал юм. Иймд энэ чиглэлээр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байгаа намууд үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын залгамж чанарыг хадгалсан, ирээдүйг харсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон хамтарсан Засгийн газрын гишүүдэд ажлын өндөр амжилт хүсье.

Анхдугаар чуулган хаагдсаныг мэдэгдье” гэлээ.


URL: