Шинэ хориг арга хэмжээ Оросын байгалийн хийг онилжээ

img-20230831-wa0011-2-810x500Европын холбооны орнууд Оросын шингэрүүлсэн байгалийн хийн салбарт чиглэсэн шинэ хориг арга хэмжээний багцад Пүрэв гаригт гарын үсэг зурлаа. Даваа гаригт албан ёсоор батлах шинэ хориг нь Оросын байгалийн хийг онилж буй анхны тохиолдол болно. Энэ удаагийн хориг арга хэмжээ нь дайн эхэлснээс хойш Европын холбооны зүгээс авч буй 14 дэх багц юм.

Хориг арга хэмжээний хүрээнд Оросын шингэрүүлсэн байгалийн хийг Европоор дамжуулж тээвэрлэхийг хориглоно. Гэхдээ Европын холбооны орнууд Оросын хийг худалдан авахыг хориглосон заалт байхгүй. Өвлийн улиралд Азийн зах зээл рүү байгалийн хий экспортлох гол зам нь Европ тул тус тивийн боомтууд Оросын хувьд тун чухал. Бельги, Франц, Нидерланд, Испанийн боомтууд нь Сибирийн Ямал хойгоос хий нийлүүлэх гол цэг юм. Бельгийн Зебрюгж боомт, Францын Монтуар боомтууд нь Хятад, Тайвань, Турк зэрэг улс руу хий экспортолдог чухал төв.

Европын холбооны тэргүүн Урсула фон дер Лейен энэ талаар хэлэхдээ “Энэхүү шинэ багц нь Оросын дэвшилтэт технологитой болох арга замыг хаана. Мөн эрчим хүчний орлогыг бууруулж, Путины сүүдрийн флот болон гадаад дахь сүүдрийн банкны сүлжээтэй тэмцэх болно” гэжээ.

Сүүдрийн флот гэдэг нь хориг арга хэмжээг тойрохын тулд ашигладаг гарал үүсэл тодорхойгүй хөлөг онгоцнуудыг хэлнэ. Эдгээрийг ашиглахад хүндрэлтэй болгох нь шинэ хориг арга хэмжээний зорилго юм.

Мөн ХУ-ын ашигладаг Москвагийн “SPFS” банкны мессежийн системд хориг тавих болжээ. ОХУ “SWIFT” санхүүгийн шилжүүлгийн системээс зайлсхийхийн тулд уг системийг ашигладаг.

Эх сурвалж: MOSCOW TIMES


URL: