АН-ынхан намын дарга Лу.Гантөмөрийг огцрохыг, жагсаалтаас нэрээ татахыг шаардаж буйгаа мэдэгдлээ

448510294_786111123647835_3185406337735699689_nУИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтын нэгдүгээрт бичигдэн нэр дэвшиж буй АН-ын дарга Л.Гантөмөрийг нэрээ татахыг шаардаж, тус намын “Үндэсний жигүүр” хөдөлгөөнийхөн болон гишүүд, дэмжигчид нь долоо дахь өдрөө жагсаж байна. Тэдний төлөөлөл “Боловсролын зээлийн сангийн хулгайч, Монголын ард түмний хүүхдүүдийн боломжийг хулгайлсан Л.Гантөмөрийг Монголын төрд гаргаж болохгүй. Хулгайч Л.Гантөмөр АН-ын толгойд гарч, улмаар намын жагсаалтын нэгдүгээрт өөрийнхөө нэрийг бичиж, түүнчлэн өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийг мөн жагсаалтад багтаасан. Тиймээс бид АН-ын дарга Л.Гантөмөрийг намын даргаас огцрохыг, мөн жагсаалтаас нэрээ татахыг шаардаж долоо дахь өдрөө жагсаж байна. АН-ын Үндэсний жигүүрийнхэн бид зөвхөн өнөөдөр гэнэт гарч ирээд ийм зүйл ярьж байгаа юм биш. Жилийн өмнөөс бид шахаж, шаардаж байгаа. Бид энд долоо хоног жагссаны үр дүнд АН буулт хийж байна гэж харсан. Бид Л.Гантөмөрийг нэрээ тат гэж шаардаж байгаа. Гэтэл нэрээ татах боломжгүй. Харин АН ялбал жагсаалтад нэр дэвшсэн хүмүүсийг сайд болгохгүй гэдэг мэдэгдэл хийж байсан” гэлээ. Мөн “Хэрэв АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа үнэт зүйл, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг байсан бол бид өнөөдөр түүнийг хамгаалаад зогсож байх байсан. Гэтэл Л.Гантөмөр биднийг жагсаал зохион байгуулсан гээд бүр цагдаад мэдэгдсэн. Л.Гантөмөр гэж хэн юм бэ. Тэр бол хогийн новш, хогийн хулгайч шүү дээ. Жагсаалтын эхний 20-д багтсан хүмүүс АН-д тус бүр нэг тэрбум төгрөгийн хандив өгсөн гэсэн. Тэр мөнгө хааччихсан юм бэ. Ухуулагч нар нь цалингүй ажиллаж байна шүү дээ. Тэр мөнгөө сонгуулийнхаа үйл ажиллагаанд зарцуулаач. Л.Гантөмөр бидэнд жагсаалтад оруулах, тойрогт нэр дэвшүүлэх гэх мэт албан тушаалын олон янзын санал тавьсан. Бид Л.Гантөмөр шиг хулгайчтай хамт сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ хэлсэн” хэмээн мэдэгдлээ. Жагсаалд оролцогчид “ЗОРИГ-ГҮЙ ГАНТӨМӨР НЭРЭЭ ТАТ” Гантөмөрөөр толгойлуулсан жагсаалтыг дэмжихгүй, Боловсролын зээлийн санг тоноод, Гантөмөр өө одоо болио… гэх мэт уриа лоозон барьжээ.


URL: