НОСК: Үерийн эрсдэлтэй газар амьдарч буй, зөвшөөрөлгүй айлуудыг суурьшлын дөрвөн бүс рүү нүүлгэнэ

Screenshot 2024-05-27 191017Нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Өчигдөр оройноос эхлээд нийслэлд бороо орж байна. Өнөөдөр, маргааш үргэлжлэн бороо орох төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд үер усны нөхцөл байдалтай холбогдуулаад шуурхай хуралдаанаар үүрэг, чиглэл өгсөн. Улмаар үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдэд мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах үүрэг, чиглэл өгсөн. Бид маргаашаас эхлээд Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд эрсдлийн үнэлгээ хийнэ. Эрсдэл бүхий айлуудын аюулгүй байдлыг хангаж, зөвшөөрөлгүй айлуудыг суурьшлын дөрвөн бүсэд газар олгосон. Нүүх албан шаардлага өгнө. НОСК-той хамтарч, газраа орон сууцаар солих зэрэг олон санал тавьж, ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн үер болсон газруудад далан суваг барьж, иргэдийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээ авна. Нийслэлийн гамшгаас хамгаалах инженер техникийн есөн албанд нийт 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгслийг бүртгэлтэй байгаа бөгөөд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68.4 хувьтай байна” гэв.


URL: