АН-ын нэр дэвшигчдийн “багц” задарч болзошгүй нөхцөл үүсжээ
Эх сурвалжуудын мэдээлэл, нийтийн сүлжээнд тавиад байгаа АН-ынхны мэдэгдлээс харвал АН-ын нэр дэвшигчдийн “багц” задарч болзошгүй нөхцөл үүсжээ. Магадгүй, сонгуулийн үе, өдөр байтугай цаг, минут үнэтэй байгаа болохоор учраа олоод цаашаа явж мэдэх юм. Тэгвэл сайн.
Гэхдээ нэр дэвшигчид тодорсон шөнөөс эхэлсэн АН дахь гомдол тунирхал явсаар зөрчил тэмцлийн шинжтэй болж ирж байна. АН-ынхан үе тэнгээрээ, бүлэг фракцаараа арсалдаад сүйд. Сүүлдээ хэн нь хэнтэйгээ дайралцаад байгаа нь ч мэдэгдэхээ болив. Энэ бол муу.
Яагаад гэхээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН аятайхан оролцож ахиу суудалтайгаар УИХ-д орох нь “нийгмийн захиалга” болчихоод байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жилд дөнгөж бүлгийн хэмжээний гишүүдтэй АН улс төрийн сөрөг хүчин болж чадаагүй юм. Сөрөг хүчингүй найман жил өнгөрсөн. Тэр хэрээр дангаар засагласан МАН ч, сөрөх хүчгүй сөрөг хүчний үүрэгтэй явсан АН ч нэр муутайхан шиг энэ сонгуультай тулсан. Монгол хүн яваандаа ялагчид дургүй болдог араншинтай.
Нэг үгээр хэлбэл, намууд ташраараа тааруухан нэр хүндтэй байна. Угтаа энэ бол АН-д алтан боломж байсан юм. Бүтэн хоёр сонгууль, үргэжилсэн найман жил гудамжинд лааз өшиглөсөн нам шүү дээ. Үүний сайн тал бий. Аятайхан эвлээд сонгуульдвал ахиухан суудал, олон гишүүнтэй болох бололцоо байгаа юм.
Уг сууриараа 30 гаруй жил, сүүлд нийлснээрээ 24 жилийн түүх энэ намд бий. Хамгийн гол нь “…АН бол Монголын улс төрийн хоёр баганын нэг” гэдэг дэмий үг биш гэдгийг бодох хэрэгтэй
Гэвч одоо засахад тун хэцүү нөхцөл байдал руу гулсчих шиг боллоо. АН-ынхан үүнийг намын даргатайгаа холбож байна. Энэ үнэн.
2020 оны сонгуулиас хойш намын даргагүй, бараг нам нь ч хаа байгаа нь мэдэгдэхгүй гурван жилийг өнгөрөөсөн. Уг нь тэд тэгж тарж бутарч болохгүй гэдгээ сайн л мэдэж байсан. УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдсаныхаа дараа, арванхоёрдугаар сард Их хурлаа хийж байв. Тэр хурлаар ялагдлын шалтгаанаа дүгнэсэн. Их хурлынх нь 1206 төлөөлөгч Судалгаа, зөвлөх үйлчилгээний нэр бүхий байгууллагаар хийлгэсэн судалгааны тайланг хэлэлцсэн.
Ер нь бол тэгэхэд тэр судалгааны дүн АН юунаас болж ялагдсан хийгээд цаашид хэрхэх ёстойг тодорхой “хэлж” өгсөн юм.
Тодруулбал, тэндээс “…АН-ын удирдлагууд эв нэгдэлгүй” гэж судалгаанд оролцогсдын 64.3 хувь нь үзсэн байдаг. Энэ том дүгнэлт байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялалт байгуулж чадаагүй шалтгааныг “…Намын дотоод хагарал”, “…Намын даргаасаа болсон”, “…Амлалтаа биеллүүлдэггүй”, “…Нэр дэвшигчдийн буруу сонголт”, “…Нэр цэвэр биш, ёс зүйгүй намын гишүүд” гэсэн. “…АН-ынхан эдгээр алдааг гаргаагүй бол дэмжих байсан” хэмээн 58.2 хувь нь илэрхийлсэн.
Мөн “…АН нэр хүндээ өсгөх, сонгуульд ялалт байгуулахын тулд юу хийх шаардлагатай вэ” гэсэн асуултад олонх нь “…Дарга болон гишүүдээ сольж, шинэчлэл хийх хэрэгтэй” гэж хариулсан.
Харамсалтай нь энэ Их хурлаас хойш дарга ч үгүй, тамга ч үгүй болсон. Бүтэн гурван жил тийм байдалтай явсан. Тэгж тэгж 2023 оны эхээр даргатай болж, тамга тэмдгээ нэгтгэж авсан. Түүнээс хойш АН-ынхны идэвх илтэд сэргээд ирсэн.
Гэвч улс төрийн хамгийн чухал үед, УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа нь будилж орхив.
Хөндлөнгөөс харахад АН-ын дарга, Улс төрийн зөвлөл хоёрт нэлээд учир жанцан нуугдаж байх шиг байгаа юм. Ээлж дараалан мэдэгдэл хийж байгаа АН-ын гишүүд ч үүнийг хэлж байна. Шулуухан хэлэхэд, АН-ын дарга Лу.Гантөмөр хоёр “экс”-ийн хайчнаас гарч чадсангүй л дээ. Яг энэ утгаараа өмнөх дарга нарынх нь ааш аяг, арга барил АН-ыг “барихад” хэрэг болж байсныг харуулав. Товчхондоо, МҮДН-ийнхэн шиг хэнтэй ч хэл амаараа, хөл гараараа үзчихдэг, Соцдекүүд шиг ая учрыг нь олчихдог дарга эдний намд хэрэгтэй юм байна.
Гэвч АН-ынхан нэгэнт “арсалдаад” эхэлсэн. Нэлээд хол ч явчихлаа. Юу болж дуусахыг бүү мэд.
Гэхдээ “…АН-ынхан арсалдлаа” гэдэг алга таших явдал биш. Энэ бол зөвхөн АН-ын асуудал биш. Наад зах нь Монголын ардчиллын хэм хэмжүүр буцаад “0” заана. Цааш нь яривал муу ёрлосон болох биз. Ямартай ч АН иймдээ тулж байгаа нь МАН-д ч хамаатай, Монгол Улсад ч нөлөөтэй явдал юм л даа.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: