Мексикт хэт халалтын улмаас сармагчингууд үхэж байна
Мексикт маш халуун байгаа тул сармагчингууд модноос унаж үхэж байна. 83 жижиг биетэй сармагчин Персийн булангийн эргийн Табаско мужаас үхсэн байдалтай олджээ. Бусдыг нь оршин суугчид аварч орон нутгийн малын эмнэлэгт үзүүлэхээр болсон байна.
Доктор Сержио Валензуэла “Тэдний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд шингэн алдаж, халуурсан байдалтай ирсэн. Энэ нь халуунд цохиулсанаас болсон” гэжээ.
Гуравдугаар сараас хойш Мексикт үүсээд буй хэт халалтын улмаас 26 хүн нас барсан ч хэдэн зуун сармагчин мөн үхсэн байна.
“Тэдний үхэл тавдугаар сарын 5-наас эхэлж, амралтын өдрүүдэд их хэмжээнд хүрсэн. Тэд алим шиг модноосо унаж байсан бөгөөд маш их шингэн алдалтын байдалтай байсан” гэж зэрлэг амьтдын биологич Позо хэлэв.
Сармагчингуудын үхэлд ус, идэж буй жимс жимсгэнэ, хэт халалт, ган гачиг, ойн түймэр, мод бэлтгэл зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна.
Тавдугаар сарын эхээр Мексикийн есөн хотод температурын дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд хилийн Тамаулипас мужид орших Сьюдад Виктория хотод 47C (117F) хэмд хүрчээ. Усан цахилгаан станцын далан дахь усны түвшин бага байгаа нь тус улсын зарим хэсэгт цахилгаан тасрахад нөлөөлсөн. Хүмүүс ч халууныг тэсвэрлэхэд хэцүү байгаа аж.
Даваа гарагт тус улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог OXXO дэлгүүрүүдийн сүлжээ зарим газарт нэг үйлчлүүлэгчид мөс худалдан авахдаа ердөө хоёроос гурван уут хүртэлх хэмжээ зааж байгаагаа мэдэгдсэн байна.
https://time.mn/uL7.html
URL: