БАГА ТЭНГЭРИЙН АМЫГ БЕТОНОН “ШИРЭНГЭ” БОЛГОСОН Ц.АНАНДБАЗАРТ АРДЫН НАМ АХИАД ДЭВШИХ ТИЙЗ ОЛГОНО

Сонгуульд горилогчдын нэрс тодроход тавхан хоног үлдлээ. Мандатаасаа олон горилогчид намын даргаасаа дэвших эрхээ авах гээд урт дараалал үүсгэчихсэн дэнчингийн мөнгөөрөө уралдаж, нам дотроо сөрөг сурталчилгаа хийж эхэлсэн нь эхнээсээ зохион байгуулалттайгаар ил болж байна.


    Тэр дундаа эрх баригч намынхан энэ сонгуулиар улс төрд муу нэр зүүсэн хуучин гишүүдээсээ салж чадахгүй, сонгуулийн санхүүжилтээ гаргуулаад нүдээ аниад зүтгүүлэхээр шийдчихсэн бололтой. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ намаасаа хөөнө гэх амлалтаасаа ухарсан тэд “Шүүхээр хэрэг нь шийдэгдсэн бол намын гишүүнчлэлээс хасна” гэх үгээр ам таглаад, хулгайд холбогдсон муу нэртүүдээ нэгийг нь ч үлдээхгүй дэвшүүлэх нь эхнээсээ эргэлзээгүй болж эхэлж байна.

      Улмаар намынхаа чихнээс хамгийн их хонх уясан Ц.Анандбазарыг дахин дэвшүүлэх гээд намын гишүүнчлэлийг нь дахин сэргээсэн гэдэг. Хэдийгээр дөрвөн жил УИХ-ын гишүүнээр суух хугацаандаа сайнаасаа илүү саар нэрээрээ олонд танигдсан ч МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг гэдгээрээ дахин дэвших эрхээ ногоон гэрлээр баталгаажуулж байгаа бололтой.

      Монголын толгой бизнесмэнүүдийн төлөөлөл, тэр дундаа шатахууны бизнесийн “магнат”-уудын нэг гэгдэх түүний хэргүүд АТГ-т овоорсон ч хууль хяналтын байгууллагаас нэр цэвэр мултарсан, “том ар”-тай гэх яриа ч олны дунд бий.  Тэрбээр энэ сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, “Өөрийгөө хамгийн ёс зүйтэй, сахилга баттай гишүүн” хэмээсэн удаатай. Булганд айрагны баяр хийж, хөшөө хүртэл босгож амжсан Ц.Анандбазар өнгөрсөн хугацаанд тойргоо чамгүй тордож, Булганыханд “Бензиний урамшуулал өгнө” хэмээн ам алдсан бичлэг нь цахим сүлжээнд шуугуулж байлаа.

     Тэрбээр томсгосон тойргоор Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшихээр горилж, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нартай дөрөө хоршуулж “Бүсчилсэн хөгжил”-ийг сурталчилж явна.

     УИХ-ын гишүүнээр ажиллаад удаагүй байхтай нь зэрэгцээд түүний хүчингийн гэх хэрэг дуулиан дэгдэж, “Мe Too” хэмээн олон нийт цахим орчинд давалгаалан эсэргүүцлээ илэрхийлэх хүртэл өндрийг авч байсан хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгасан ч удалгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан.

       УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэр холбогдоогүй улс төрийн хэрэг гэж бараг үлдээгүй. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн нэг болсон ч уснаас хуурай гарсан.

      Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 24-нд 669.8 сая иен буюу 17.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Улмаар энэ сарын эхээр найдваргүй зээлдэгчдийн дуулиан дэгдмэгц энэ зээлээ хаасан баримтыг бид дэлгэж байлаа.

       Түүнчлэн нүүрсний хулгайн дуулиан дэгдэж, АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг дэлгэдэхэд Ардын намын анхны таван гишүүнээр Ц.Анандбазарыг нэрлэж байлаа. Ц.Анандбазар нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хоёр жилийн дотор 12 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлж, шатахуун, тос, тосол нийлүүлэхдээ албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон байж болзошгүй баримт бий. Тодруулбал,  “Сод Монгол групп” ХХК-иараа гурван удаагийн гэрээгээр 2018 оны хоёрдугаар сард 3.8 тэрбум төгрөг, 2019 оны тавдугаар сар 4.3 тэрбум төгрөг 2020 оны зургадугаар сар 3.9 тэрбум төгрөгийн шатахуун тус тус нийлүүлсэн байдаг.

      Харин нүүрсний дуулианд нэр холбогдомцоо “Би долдугаар ангидаа нүүрс оруулж байснаас нүүрс хулгайлж үзээгүй” хэмээн марзан гэмээр мангар мэдэгдэл хийж нүүрсний хэргээс ч мултарч үлдсэн удаатай. Түүний авлига албан тушаалын хэрэг ингээд дуусахгүй. Газрын наймааг “цэцэглүүлж”, Богд уулын Бага тэнгэрийн аманд эзэн суух хүртлээ томорсон нэгэн. Богдхан уулын Бага тэнгэрийн ам бүхэлдээ буюу нийт 65 га газар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийн эзэмшилд байдаг. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж, худалдсан. Зөвхөн нэг амины хаус нь л гэхэд 4-5 тэрбум төгрөгийн үнэтэй буюу 160 айлын хаус гэж тооцвол 720 тэрбум төгрөгөөр зарсан тооцоо гарна. Түүний хэргүүдийн баримт хууль хяналтын байгууллагад “овоорсон” ч өнөөдрийг хүртэл нэг нь шийдэгдээгүй нь хуулийн байгууллагад том “ар”-тай гэх хардлагыг олны дунд төрүүлээд байна.

         Ийн улс төрд байж болох боломжийг Ц.Анандбазар бүгдийг нь ашигласан хэр нь дараагийн сонгуульд нэр дэвшихээр горилж, “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Булган аймагтаа би зөндөө ажил хийсэн, 4000 ажлын байр бий болгосон” хэмээн мэдэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, Бага тэнгэрийн амыг бетонон “Ширэнгэ” болгосон Ц.Анандбазарт Ардын нам ахиад дэвших тийз олгох нь тодорхой болсон бололтой.

 https://ergelt.mn/news/175/single/44371


URL: