Монгол Улс хүн амын пирамидаа анхаардаг уу!
Хүн ам зүйн хамгийн чухал үзүүлэлт бол нас хүйсийн бүтэц гэж үздэг. Тэгвэл Укрианд 25 настай эрэгтэй хүн байхгүй болж нэг ёсондоо энэ насны хүн амын пирамид тасарчээ. Ингэснээр ирээдүйд укриан үндэстэн мөхөх аюул эхэлж буй гэж судлаачид үзэж байгаа аж. Дэлхийн улс орнууд хүн амын тоо, нас хүйс, нягтаршилд анхаарч нарийн тооцооллыг гаргаж байдаг. Тэгвэл манай улс хүн амын пирамиддаа анхаарч байна уу. Хэдийгээр 2017-2045 он хүртэл хэтийн тооцооны хүн амын судалгааг гаргасан гэлцдэг ч анхаарууштай зүйл манайд олон байна.
Яг өнөөдөр хүн амын пирамид ямар байна гээд үзэхэд статистикаас гаргасан судалгаа мэдээж бий. Гэхдээ баталгаатай эсэх нь эргэлзээтэй юм. Яагаад гэвэл манайд энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин бараг л алга. Хүн амын тооллого, бусад нарийн мэдээллүүд зөв эсэх нь эргэлзээтэй. Хүн амын нягтаршил, хот суурин дагасан төвлөрөл юу болж байгаа нь бүрхэг. Мэдээж Үндэсний статистикийн хорооноос сар, улирал, жилээр гаргасан судалгаа бий.
Хүн амын тоог аймаг, дүүрэг, хороогоор нарийн гаргадаг. Тэнд ажиллаж байгаа олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэлээ гэж хэлэх нэг нь хэлж, шүүмжлэх биз. Ажил албаны нэр төр энэ тэр гээд гомдол эрэх л байх. Гэтэл Монгол Улс хүн амын пирамидаа анхаарч байна уу, юу хийж байна вэ гэдэг үг чөлөөнд гарсан мэргэжлийн хүмүүсийн амнаас байнга гардаг юм билээ. Улс нь та нар одоо хэрэггүй хэмээн тэтгэвэрт гаргасан ч тэдний мэдлэг, чадвар тэтгэвэрт гарсангүй. Зарим нь гэртээ нийгмийнхээ төлөө сэтгэлээ чилээж, эсвэл аливаа тулгамдсан асуудлаар тооцоо судалгаа хийгээд сууж байдаг л юм билээ. Үүгээрээ тэд хүн ам зүйн бүртгэл чинь буруу яваад байна. Учир дутагдалтай зүйлүүд байна гэж хэлээд байгаа юм биш үү.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүн амын тооллого, бүртгэлийг хэн хийж байна гэвэл дүүргийн хэмжээнд хэсгийн ахлагч нар гэх хүмүүс. Сонгууль болохоор хэн ухуулга, сурталчилгаа хийдэг вэ гэвэл мөн л тэд. Халамжийн мөнгө, гурил, будаа хэний гараар хэнд очдог вэ гэвэл хэсгийн ахлагч нар аваад цааш ах дүү, хамаатан садан, танил талдаа дамжуулдаг. Мөн намаараа талцаж, өөрийн талын дэмжигчдэд тараах жишээтэй. Тэд ямар боловсролтой вэ гэвэл янз бүр. Ихэнхдээ тэтгэврийн насныхан. Эмч, багш, нярав, нягтлан, ажилгүй, сургуулиар яваагүй насаараа үйлчлэгч хийсэн гэх мэт. Тэдэнд хүн амын суурь судалгаа хийх, дээр өгүүлсэн хүн амын пирамидыг аргачлалын дагуу гаргаж ирэх мэдлэг боловсролтой хүн байхгүй. Судалгаа, асуулга аваад явуул гэснийг гүйцэтгэх жишээтэй. Тэр нь бодитой, эсэхийг хэн мэдэх билээ. Өөрөөр хэлбэл, хөдөөд ч, хотод ч хэсгийн ахлагч гэх хэдэн хүний амаар л хүн ам зүйн судалгаа явж ирлээ. Монгол Улсын хүн амын тооллогыг тэд л хийж байна. Цаашлаад дүүрэг, хорооны нутаг дэвсгэр дэх хүн амын нягтаршил, иргэдийн амьдралын боломж, өрхийн амьжиргаа, орлого гэх мэт нарийн ширийн мэдээллүүд тэдний гараар л явж байдаг.
Тэд ямар аргачлалаар яаж тоон мэдээллийг бүрдүүлж гаргаж ирдэг вэ гэдэгт анхаардаг, хариуцдаг хүн байдаг эсэхийг мэдэхгүй. Тэгэхээр хүн амын тооллого нь зөв ч явж байна уу, буруу ч явж байна уу, бүү мэд. Мэддэг хүн ер нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу.
Өнөөдөр сонгуулийн царцааны тухай маргаан дахин босож ирж байна. Хүн амын тооллого зөв явдаг байсан бол ингэж хэл ам гарах ёсгүй. Хэчнээн жилийн өмнөх, хэдэн сонгуулийн урд байсан бохир арга, ажиллагаа нь өнөө ч байсаар. Аймаг, сум, дүүрэг, хорооны хүн амын тоо, сонгуулийн насны хүн хэчнээн байгаа нь бүрхэг. Ерөөс Монгол Улсын хүн амын тоо зөв гэдэг эргэлзээтэй. Зарим судлаачийн хэлж буйгаар манай улсын хүн амаас 160-200 орчим мянган хүн дутаж байгаа. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа, сурч боловсорч буй, мөн өөр улсад үр хүүхдийнхээ асрамжид байгаа өндөр настан гэх мэтээр нарийн тоочоод үзэхэд 160-200 орчим мянган хүн хаана юу хийж явдаг нь тодорхой бус байгааг зарим судлаач хэлж байгаа юм. Тэднийнхээ араас эрэл сурал болсон, тооцоо судалгаа гаргасан хүн Монголын төрд байна уу?
Саяхан сошиал ертөнцөд хэсэгтээ л олны анхаарлыг татсан нэг сэдэв дээрх мэдээлэлтэй холбоотой байв. Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн дөрөвдүгээр сард “The Economist” сэтгүүлд “Хэрэв Орос Украины фронтын шугамыг давж, Киевийн Засгийн газар хүсэлт гаргавал бид тус улс руу хуурай замын цэрэг оруулна” хэмээснийг олон улсын хэвлэлүүд онцолж, Оросын Засгийн газар эл мэдээг томоохон аюул гэж үзэж буйгаа мэдэгдэж байв. Мөн ОХУ-ын томоохон хэвлэлүүд Францын гадаадын легионын үндсэн ангиудын нэг болох Францын гуравдугаар явган цэргийн дэглэмийн ангиудыг Украинд байршуулсан талаар мэдэгдсэн. ОХУ Францаас Украйнд илгээсэн гадаадын легионы цэргүүдийг Славянск дахь 54 дүгээр салангид механикжсан бригадыг дэмжих зорилгоор ирсэн байж магадгүй хэмээн таамаглаж буй талаар Московского Комсомольца агентлаг мэдээлснийг дурдсан байв.
Гэтэл монгол залуус 2007-2008 оноос Францын армид алба хаах хүсэлт гарган очдог болсон. 2019 оны байдлаар Францын Легионы туган дор 200 шахам монгол цэрэг зүтгэдэг гэх тоон мэдээлэл гарчээ. Isee.mn сайтад мэдээлснээр бол 2023 онд гарсан судалгаагаар гэрээний хугацаа нь дууссан, сунгасан, дундаас нь хаясан гээд Легионтой ямар нэгэн байдлаар амьдрал нь холбогдсон 1500 орчим монгол хүн байдгаас ердөө 500 гаруй нь таван жилийн гэрээндээ хүрсэн байдаг гэжээ. Тэгвэл тавдугаар сарын эхээр Белгород хот руу дөхөж явсан хэсэг цэргийг Оросын зэвсэгт хүчин анзаарч барих гэтэл зугтаасан тул заримыг нь буудаж, заримыг нь олзолсон тухай мэдээлэл цахим талбарт түгсэн. Түүнд маш сайн тоноглосон хувцас, хэрэгсэл бүхий Францын 35 хөлсний цэрэг байсан бөгөөд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж байсан талаар дурдсан байв.
Энэ бүхнээс үзэхэд Монгол Улс цахимжиж буйн хэрээр хүн амынхаа бүртгэл, хүн ам зүйн пирамидад анхаараасай билээ.Алдуул иргэд чинь хаана юу хийж явааг тодруулаасай. Иргэдээ бүртгэлжүүлж чадахгүй байж дөрөв дөрвөн жилээр ээлжлэх царцааны нүүдлийг дагуулан сонгуульдаж, цахимжсан гэдэг атал хорооны хэсгийн ахлагч гэх хэдэн хүний амаар бүртгэл хөтөлж суудгаа болимоор байна.
https://news.zindaa.mn/4v0q
URL: