CAP: Мянганыхан бусад үеийнхнээс илүүтэй хурдацтай хөрөнгөжиж байна

Screenshot 2024-05-13 100640Америкийн Прогрессийн Төвөөс (CAP) эмхэтгэсэн мэдээллээс үзэхэд 40-өөс доош насны америкууд коронавирусийн дараах хуримтлагдсан хөрөнгө, ажил эрхлэлтийн түвшин, цалингийн өсөлтийн хувьд бусад насны бүлгүүдийг гүйцэж эхэлжээ.
Дөрвөн жилийн хугацаанд энэ насны өрхийн дундаж хөрөнгө 2019 оноос хойш бараг 50 хувиар өссөн байна. Холбооны нөөцийн сангаас мэдээлэл цуглуулж, CAP-аас гаргасан өрхийн дундаж хөрөнгө 2023 оны дөрөвдүгээр улиралд 259 мянган ам.долларт хүрсэн нь инфляцыг тооцсон ч 2019 оны мөн үеийнхээс 49 хувиар буюу 85 мянган ам.доллароор өссөнийг харуулж байна.
Дундаж баялгийг тухайн өрхийн хөрөнгө, тухайлбал банкны данс, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, оюутны зээл, орон сууцны зээлийн үлдэгдэл зэрэг өр төлбөрийг хасаж тооцдог. Энэхүү баялгийн хуримтлал нь бусад насны бүлгүүдийнхээс хамаагүй их бөгөөд 40-54 насны өрхийн дундаж хөрөнгө долоон хувиар буурч, 55-69 насныхных дөрвөн хувиар өссөн бол 70 ба түүнээс дээш насны өрхүүдийн дундаж хөрөнгө орлогын түвшин бага зэрэг нэмэгдсэн байна.  ”Залуу өрхүүдийн баялгийн өсөлт 1989 оноос хойш ийм хурдацтай өссөн үзүүлэлт байгаагүй” талаар тайланд онцолж, 40-өөс доош насныхны инфляцтай тохируулсан баялгийн хэмжээ ойролцоогоор 90 мянган ам.долларт хүрсэн гэж тэмдэглэжээ.
“Миллениалууд эцэг эх, эмээ өвөө шигээ баян болно гэж хэлэхэд эрт байна, гэхдээ магадлал өндөр байна. Залуу үеийнхэн санхүүгийн мэдлэг, төсвийн хариуцлагын талаар нухацтай авч үздэг. Гэвч орон сууцны үнэ өсөх, цалингийн зогсонги байдал зэрэг тогтолцооны асуудлууд саад бэрхшээл хэвээр байна” гэдгийг тайланд онцолжээ.
“Yield Investing”-ийн үүсгэн байгуулагч Фрэнк Картрайт “Ирээдүй хойч үеийнхэнд технологийн дэвшил, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалсан эдийн засгийн янз бүрийн сорилт, боломжууд тулгарах бөгөөд энэ нь тэдний баялаг хуримтлуулах хэтийн төлөвт нөлөөлөх болно” хэмээжээ.
Эх сурвалж: Newsweek.com

URL: