Т.ДОРЖХАНД: Сонгуулийн ерөнхий хороонд саналын хуудас тусдаа байх, нам, нэр дэвшигчийн нэр мэдээллийг тодорхой тавих шаардлагыг хүргүүлж байна

31c86dd3e75637754832ef6b09653d28УИХ-ын сонгуулийн саналын хуудасны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Намын төлөөллүүд нэгдээд Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж байна. Нэгдүгээрт, сүүлийн 30 жилийн хүрээнд байгаагүй сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бид парламентын 126 гишүүнийг сонгоно. Тойргоос 78 гишүүн сонгоно, жагсаалтаас 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь манай улсад олон тооны солонгорсон парламент үүснэ гэсэн хүлээлттэй байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороо зайлшгүй шийдэх ёстой асуудал байна. Тухайлбал, энэ оны зургадугаар сарын 28-нд сонгууль явах үед саналын хуудасны асуудал гарч ирж байгаа. Саналын хуудас нь хоёр тусдаа хуудас байх ёстой гэсэн үндэслэл бид гаргаж ирж байна. Өөрөөр хэлбэл, 78 тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, харин жагсаалтаар нэр дэвших 48 хүнд мөн тусдаа нэр бүхий хуудас байх ёстой. Үүнийг бид Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байна. Хоёрдугаарт, энэ удаагийн сонгуульд 30 орчим нам, эвсэлүүд сонгуульд оролцоно гээд Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгсөн байх. Энэ долоо хоногтоо багтаад Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөх ёстой. Тиймээс сонгууль өгөх урт жагсаалтад иргэд төөрөх, будилах, аль намын хэн билээ гэх үл ойлголцол үүсэх юм. Иймээс иргэдэд энгийн ойлгомжтой мэдээлэл өгөх зорилгоор тодорхой болгоё гэж байна. Тухайлбал, нам, эвслийн урд талд дугаар тавих, тухайн намын хэн бэ гэдгийг мэдээлэл, нэрийг зурагтай нь тавья, намынх нь лого, бэлгэдлийг нь оруулж ирж тавиач гэж байгаа юм. Эдгээр шаардлагыг бид Сонгуулийн ерөнхий хороонд хүргэж байна” гэв.


URL: