Д.Ганбат: Б.Булган Э.Бат-Үүлийг заналхийлсэн
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: ”С.Зориг агсантай холбоотой асуудал сонгууль бүрээр улстөр болж яригддаг. Энэ хэргээр нэг улстөрийн хүчин л дандаа хожиж байдаг. Нэг улстөрийн хүчин нь дандаа буруутан болж байдаг.
Үүний цаана хэрэгтэй холбоотой материалыг ил тод, нээлттэй болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улстөрийн хүчинд ашигтай байдаг.
Тийм ч учраас АН-ын бүлгийн хуралдаанаар С.Зоригийн хэргийн материалыг хуулийн хүрээнд нээлтэй болгохыг шаардах шийдвэр гарлаа. Нээлттэй болгох эрх нь Засгийн газарт байгаа. ” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат: ”Сүүлийн үед янз бүрийн нэвтрүүлэг цацаж, нийгмийг маш ихээр талцуулж байна. Ард түмнийг бухимдуулж, хувааж байна. Энэ асуудал чинь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлхөөр болчихлоо. С.Зоригийн хэргийн бүх материалыг нууцаас гаргаж, олон түмэнд ил болго. Үүнтэй холбоотой эрүүдэн шүүсэн гэх асуудлыг ч ил болго.
МАН ялахгүй бол С.Зоригийн хэрэг илрэхгүй ээ л гэсэн. Хэд хэдэн сонгуульд МАН ингэж орсон. Одоо МАН-ын рейтинг маш их унаж байна.
Нийгэм ч хүлээж авахгүй байна. Ард түмэн толгойгоо угаалгахааргүй дархлаа сууж, хэрсүү болсон байна. Ардчиллын үнэт зүйлийг тээгч хүмүүсийг заналхийлж, араа даагаарай гэж мессеж бичиж байна. Хүнийг гэм буруутай эсэхийг шүүх л тогтоож, эцсийн шийдвэр гаргана. Өөр ямар ч албан тушаалтай хүн бусдыг гэм буруутай гэж зарлаж болохгүй. МАН өнгөрсөн 8 жилд юу хийсэн гэдгийг ард түмэн маш сайн мэдэж байгаа. Одоо эцсийн найдвар бол АН юм гэдэг хүлээлт бий болсон. Үүнийг ч бид мэдэрч байна. Б.Булган өөрөө хэлсэн юм уу? Б.Булганаар хэлүүлээд байгаа юм уу? Нэвтрүүлэгт орохдоо Монгол Улсын Баатар, ардчиллын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлж байна лээ. Араа даагаарай, аятайхан идэж уугаад амьдар ч гэх шиг. Ар гэр нь ч үүнийг заналхийлсэн гэж хүлээж авч байгаа юм шиг байна лээ.” гэв
М.Чой
https://sonin.mn/newsDetail/2724
URL: