26 ЖИЛ НУУЦЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН Б.БУЛГАН БА С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН “ЗАВХРАЛ”
Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА Б.БУЛГАН
С.Зоригийн хэрэг “моод”-ноос гарах болоогүй байна. С.Зориггүй сонгууль, С.Зориггүй улс төрийн өрсөлдөөн гэж алга. Түүний үхлээр төрийн томчууд өрсөлдөгчөө айлгадаг, намнадаг, сонгууль болгоны зууш болгодог хэвээр байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн сонгуульд С.Зоригийн хэргийг ашиглаж байсан. Харин энэ жилийн сонгуульд түүнийг ашиглахдаа Б.Булганыг ярилцлага өгүүлсэн. Энэ нь өмнөхүүдээсээ арай хүлээлттэй, өөр байлаа. Б.Булганаар ярилцлагыг сонгуулийн сурталчилгаа, Ардчилсан намыг харлуулах хар Пи-Ар гэхээс гадна Л.Оюун-Эрдэнийн Ц.Элбэгдоржийг өөдөөс тавьсан гал гэж хардаж болмоор. С.Зориг агсны гэргий Б.Булганы ярианаас монголчууд сайн, муу олон таамаг дэвшүүлж байгаа. Учир нь, МАН-ынхан буюу Л.Оюун-Эрдэнэ Б.Булганаар олон хүний эмзэг цэгийг “хатгуулж”, тэдний хийх ёстой байсан ажлыг нь хийлгэж, хийх ёсгүйг нь зүгээр орхих дохио өгүүлсэн байж мэдэх. Үүний нэгэн жишээ нь, Б.Булган ярилцлагынхаа үеэр С.Зориг агсны хэрэгт Ц.Элбэгдорж болон түүний хамсаатнуудыг нэрлэсэн явдал юм. Тодруулбал, тэрбээр “Би хоёр шалтгааны улмаас ярилцлага өгөхөөр ирсэн. Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагад орохдоо ажлынхаа тайланг бүрэн тавьсан. Төрийн томчууд хэзээ ч тайлангаа тавьдаггүй. Түүний тайлангаа тавьсан нь надад таалагдсан. Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж “Л.Оюун-Эрдэнэ ээ, чи яасан их сандарч байх юм. Чи С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг сулласан шүү” гэсэн нь надад таалагдаагүй. Би тэднийг алуурчид биш гэж хэлээд байхад Ц.Элбэгдорж тэгж хэлэх эрхгүй. Би түүнийг худалч гэдгийг мэднэ. Гэхдээ бусдыг ингэж гүтгэж энэ хэргийг чөтгөрийн тойрогт дахин оруулах гэж санаархаж байна гэж ойлгосон. Бас С.Зориг гишүүний хөшөөг нүүлгэж, оронд нь 53 давхар байшин барина гэдэг нь юу гэсэн үг вэ. Тийм болохоор миний ярих цаг болсон гэж шийдсэн. Ц.Элбэгдорж бол Монголын эмгэнэл, ард түмний шаар. Тэр Монгол Улсын 30 жилийг самарч, гай болсон. Миний охин, миний найз, хайртай бүхнээс минь ширхэг үс унах юм бол захиалагч нь Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч нь Б.Хурц гэдгийг хэлье. Ц.Элбэгдоржийг төрийн өндөрлөгт гарах болгонд нь би шоронд орж байсан. Энэ нэг зүйлийг хэлж байгаа гэж харддаг” хэмээсэн. Харин одоо Л.Оюун-Эрдэнэ, Б.Булган нарын ярианаас улбаалан хууль хяналтынхан С.Зоригийн хэрэгт Ц.Элбэгдоржийг холбогдуулан шалгах эсэх нь олны анхаарлыг татаж байна.
С.Зоригийн хэргийн ганц чухал гэрч болох Б.Булган сонгуулийн өмнөхөн гарч ирэхдээ хэрэг болсон өдрийн талаар нэг ч зүйл яриагүй. Тэрбээр 26 жилийн турш юу ярьж, юу ярьж болохгүйгээ мэдэхгүй болтлоо нууцын гэрээнд гарын үсэг зурсан гэдэг. Энэ хэргийн замхрал ч үүнтэй болбоотой байж болзошгүй. Мөн тэрбээр бусдын гарт онц хэргийгээр амиа алдсан ханийнхаа тухай дурсахдаа “Зориг гишүүн, Зориг гишүүн” хэмээн тас тас хийтэл инээсэн нь олны дургүйцлийг барсан. Бас түүнийг Оросын тагнуул хэмээн хардах хүн ч олон боллоо. Харин зарим нь түүнийг “Зориг гишүүн” хэмээн ярих нь орос сургууль төгсөж, орос хүмүүжлээр хүмүүжсэнтэй нь холбоотой. Боловсролтой, ухаантай эмэгтэй байна. Юу туулсныг нь мэдэхгүй байж амныхаа зоргоор муулах хэрэггүй” хэмээн С.Зориг агсны хэргээс илүү Б.Булганы сайн, муу, сайхан муухайг ярьж талцсаар амралтын өдрүүдийг барлаа.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХОРХОЙТОЙ АРААНД ЗУУГДСАН Ц.ЭЛБЭГДОРЖ “АЧИТ ИХТ” ХХК-ИЙН ХЭРГЭЭР АЧИГДАХ УУ, С.ЗОРИГИЙН ХЭРГЭЭР АЧИГДАХ УУ
Өнгөрсөн долоо хоногт Баялагийн сангийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Ачит Ихт” ХХК-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. “Цагалбар” ХХК-ийн данс руу 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ мөнгө хаашаа, хэний данс руу орсон баримт удахгүй ил тод болно. Стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал цэглэгдэх ёстой” хэмээн түүний хууль бус үйлдүүлийг таслан зогсоож, баримттайгаар олон нийтэд ил тод болгохоо мэдэгдсэн юм. Тодруулбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “Ачит Ихт” ХХК -ийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан гэдэг. Тухайн үед тус компанийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан өөрийн нэр дээр авсан гэх. Харин сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашигласан “Ачит Ихт” ХХК-ийн хөрөнгөөр Ц.Элбэгдорж АНУ дахь хаусуудаа худалдан авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны бай болоод байгаа. Мөн саяхан “Ачит Ихт” ХХК-ийн ажлын байранд Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгжлэг хийсэн нь Л.Оюун-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын үзэлцээнтэй холбоотой байж болзошгүй гэх. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой дараагийн дуулиан бол С.Зоригийн хэрэг. Төр, нийгмийн зүтгэлсэн С.Зориг агсны гэргий Б.Булган 26 жилийн дараа ярилцлага өгөхдөө Ц.Элбэгдоржийг хардаж, тухайн хэргийг түүн рүү чиглүүлсэн янзтай ярьсан нь олны анхаарлыг татаж, С.Зоригийн хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж юм байна гэх ойлголттой болчихоод байгаа. Сүүлийн үед дээрх хэргүүдээр Ерөнхий сайдын хорхойтой араанд зуугдаад байгаа Ц.Элбэгдорж “Ачит Ихт” ХХК-ийн хэргээр ачигдах уу, С.Зоригийн хэргээр ачигдах уу гэдэг нь сонин байна. Л.Оюун-Эрдэнэ түүнийг 5Ш ажиллагааны хүрээнд авчирч чадах болов уу.
С.ЗОРИГИЙН ҮХЭЛД БИЕНЭЭ ХАРДАЖ БАЙХААР ХЭРГИЙНХ НЬ БҮХ ХАВТАСТ ХЭРГИЙГ ИЛ БОЛГО
Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд өнгөрсөн 26 жилийн турш биенээ С.Зоригийн хэргийн захиалагч, “алуурчин” хэмээн хардсан. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэргийг Ц.Элбэгдорж руу чиглүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сайд болохоосоо өмнөхөн Ц.Нямдоржийг С.Зоригийн үхэлд хардаж, “Ц.Нямдорж бол нэг хүн биш. 20 гаруй жил хуулийн салбарыг хаанчлахдаа бүгдийг нь талцуулж, харж, хянадаг байсан. Тийм учраас бүгд түүнийг царайчилдаг. Тэр мэдээлэл зөөдөг армитай болсон. Тиймээс Нямдоржтонгуудыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байдаг. Энэ мэтчилэн С.Зоригийн хэргийн талаар бичээгүй, хэн нэгнийг хардаагүй улс төрч бараг байхгүй гэхэд болмоор.
Өнгөрсөн хугацаанд нэгнийгээ үнэн, худал баахан хардаж, хэргийн сэжүүрийг улам бүр нэмэгдүүлж, гогцоог нь чангалсан. Харин С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт 25 жилийн ял сонсож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын болон С.Зоригийн хэргийн хавтас хэргийг ил болгож, асуудлыг цэгцлэх цаг нь болжээ. Л.Оюун-Эрдэнэ, Б.Булган нарын яриагаар хэргийн захиалагч байж болзошгүй Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа “2017 онд С.Зоригийн хэргийг хууль, журмын дагуу нууцаас гаргасан. Тус хэргийн хавтаст хэргийг олон нийтэд үзүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Хожим Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан байдаг. Үүнийг бас ил болго” хэмээн бичсэнээрээ оноо аваад байгаа.
С.Зоригийн хэргийн бүх материалыг ил болгохгүй бол үеийн үед түүний үхлээр сонгуулийн шоу хийж, МАН-ын мафууд энэ хэргийн “ачаар” улсын хувь заяаг атгаж, ЖДҮ, тендер, сан, алт, нүүрс гээд байж болох бүхнийг хулгайлж, улсыг дампууруулсаар байх болно. Хүсвэл хэзээ ч шийдэж болгож болох С.Зоригийн хэргээс илүү сонгуулиар хэнийг сонгох нь бидэнд чухал болчихоод байгаа. Харин С.Зоригийн хэргийн хавтаст хэргийн ил болгож, цэгцлэхгүй бол энэ хэрэг үеийн үед сонгуулийн шоу болсоор байна.
https://ergelt.mn/news/1/single/43764
URL: