“Хүчирхийлэл үйлдсэн багшид ёс зүйн хариуцлага тооцно”
Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн бага ангид суралцдаг хоёр настныг туслах багш нь хүлж, зодсон гэх мэдээлэл цацагдсан. Тус цэцэрлэгийн бага ангийн дөрвөн хүүхдийн эцэг эх цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэргийг шалгаж байгаа юм. Харин энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөхдөө “Бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн багш нартай хариуцлага тооцож, эцэг эхийн гар утсыг цэцэрлэгийн камертай холбох ажлыг эхлүүлнэ” гэсэн юм.
Тэрбээр “Камерын өнгөрсөн хугацааны бичлэгүүдийг шүүж, олон нийтэд мэдээлнэ. Мөн туслах багш нарыг 45 хоногийн хугацаанд цахимаар бэлдсэний хор уршиг гарч байна. Бид тогтолцоогоор нь асуудлыг харж, шинэчлэлийг хийх шаардлагатай. Багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд анхаарч, удирдлагуудын ур чадварыг дээшлүүлнэ. Тухайн багш үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн салбарын хувьд ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ” гэдэг хариултыг өгчээ.
нийслэлийн Боловсролын газрын Боловсролын бодлого, багшийн хөгжил хариуцсан хэлтсийн дарга Б.Болормаа “Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдоод нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газраас тус бүр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Өнөөдрийн тухайд асуудалд өртсөн хоёр багш ирээгүй байна. Манай байгууллагын зүгээс амралтын өдрөөс эхлээд тухайн цэцэрлэг дээр ажилласан. Цагдаагийн байгууллагаас ирж, цэцэрлэгийн камер шүүсэн. Дөрвөн хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэдэг мэдээллийг өгч байгаа. Мэдээлэл шалгагдах шатандаа явж байгаа учраас урьдчилан дүгнэлт гаргах боломжгүй. Ажлын хэсгийн зүгээс тухайн цэцэрлэгт мэргэжил арга зүйгээр ханган, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэн ажиллуулах боломжоор хангаж байна.
Хохирогчдын ар гэр болоод багш сурган хүмүүжүүлэгч нар маань сэтгэл зүйн хямралд орсон байгаа тул Нийслэлийн гэр бүл хөгжлийн газраас сэтгэл зүйн тусламж үзүүлээд ажиллаж байна.
Бүртгэлээр тухайн ангид 46 хүүхэд суралцдаг. Асуудал үүссэн тухайн өдөр 26 хүүхэд ирсэн байсан. Дөрвөн хүүхдийн эцэг, эх гомдол гаргаснаас нэг хүүхэд нь ирсэн. Гурван хүүхэд ирээгүй. Хэсэг хугацаанд хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй харзнана. Нөхцөл байдал яаж шийдэгдэх нь вэ гэдгийг бас харна гэдгээ хэлсэн” гэдэг мэдээллийг өгсөн юм.
URL: