ОХУ-ын тагнуулын албатай холбоотой гэгдээд буй “Хавана синдром” гэж юу вэ
Сүүлийн жилүүдэд АНУ-ын дипломатууд үл мэдэгдэх нэг өвчнөөр өвчлөх болсныг ОХУ-ын тагнуулын албатай холбоотой хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.
“Хавана синдром” гэж тодорхойлох уг үзэгдэл нь толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг аж.
The Insider, Der Spiegel, CBS сувгийн “60 минут” нэвтрүүлгийн сэтгүүлчид хамтарсан судалгаагаараа энэ өвчнийг ОХУ-ын дуу авианы зэвсэгтэй холбоотой байж магадгүй хэмээн дүгнэсэн байна.
Үүнийг Москвагаас няцаасан бөгөөд АНУ-ын эрх баригчид ч энэ үзэгдэлд гаднын нөлөөг буруутгах аргагүй хэмээн мэдэгдэж байжээ.
Энэ үзэгдлийн анхны тохиолдол 2016 онд Куба улсын нийслэл Хаванад илэрч байсан тул хотын нэрээр нэрлэсэн байна.
Харин ням гарагт танилцуулсан судалгаагаар ОХУ-ын тагнуулын албаны 29155 дугаар тусгай анги АНУ-ын дипломатчидын тархийг эрчим хүчний зэвсгээр онилсон байх магадлалтай гэж үзжээ.
Учир нь АНУ-ын дипломатчид уг үзэгдлийн шинж тэмдэг илэрсэн хэмээн мэдээлсэн байршил бүрт дээрх тусгай ангийн ажилтнууд ч мөн тэнд байсныг тогтоосон байна.
29155 дугаар тусгай анги нь гадаадад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Оросын тагнуул байсан Сергей Скрипалийг 2018 онд Их Британид хордуулсан хэрэгт холбоотой юм. Түүнчлэн уг тусгай ангийн офицерыг “үхлийн бус акустик зэвсэг” бүтээхэд хувь нэмрээ оруулсан хэмээн шагнаж байсан аж.
Уг үзэгдлийн нэг хохирогч болох Холбооны мөрдөх товчооны ажилтан 2021 онд Флорида дахь гэртээ байхдаа баруун чих рүү нь хүчтэй даралт ирж буй мэт мэдрэмж авч байснаа ярьжээ. “Тухайн үед яг л шүдээ өрөмдүүлж байгаа мэт хүчтэй мэдрэгдсэн” гэсэн байна.
Үүний дараа тэрбээр ухаан алдсан бөгөөд дараа нь ой санамж болон анхаарал төвлөрөхөд асуудалтай болсноо мэдсэн байна.
Уг судалгааны тайланд АНУ-ын эрх баригчид “Эрүүл мэндийн үл мэдэгдэх өвчлөлийг сайтар судалж, шалгах болно. Үүнд гаднын нөлөө орсон байх магадлал тун бага” гэсэн хариу өгчээ.
Эх сурвалж: ВВС
URL: