Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр 15 хоног саатуулаад суллажээ

Гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтын хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл Н.Төгсцогтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Шангрилла” төвөөс хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байхад нь хуулийн байгууллагаас илрүүлэн, шалгаж байсан юм.

Н.Төгсцогтын дээрх үйлдлийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж, шүүхээс түүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Зөрчлийн хуулийн 5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан буюу олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах гэсэн зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд түүнд 15 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Харин шийтгэлээ тэрбээр саяхан эдэлж дууссан байна.


URL: