Ч.Очирбат: 33-ны мөчлөгөөр хөнжилд өлгийдүүлснээ цахим орчинд цацах нь доройтол

Screenshot 2024-03-20 111652Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбатаас 33 насны мөчлөгийн талаар тодрууллаа.

————————–

-33 насны мөчлөг гэж юу болох талаар яриагаа эхэлье?

-Энэ жил луу, бич, хулгана жилтнүүдийн ивээл жил орж байгаа учраас хийморь доройтох буюу гурван ивээл жилийн ширүүн гэдэг нь таарч байгаа. Суудлын гүймэг нь найман насны зөрүүтэй буюу 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81 гэж таардаг. Харин ясан махбодын гүймэг нь хэрүүл тэмцэл, хэл ам, хулгай, дээрэм ирэх нягууртай гэж Махбодь бүхний хураангуй сударт бичсэн байдаг. Энэ гурвыг л 33 насны мөчлөг гэж яриад байгаа юм.

Эцгийн талаас өвөө нь 81, аав нь 36, хүү нь 9 нас, ээжийн талаас эмээ нь 63, ээж нь 45, охин нь 27 настай байвал аль, аль талдаа засал болдог гэх мэт маш нарийн зүйл л дээ. 17 чулуугаар маш нарийн бодож гаргадаг.

-Засал, номын тухайд хэрхэх вэ ?

-Энэ жилийн хувьд 1992 оны бич жилтэй хүн 33 насны мөчлөгтэй. Бич жилтэй эмэгтэй усан дээр, эрэгтэй нь гал дээр суусан. Усны засал, амь, бие эрхтэн хийморь сүлд гээд заавал уншуулах хэд, хэдэн ном бий. Тухайлбал, Жанцан зэмо бүнжан номыг хийморь, цог золбоо, сүр хүч, хэрэг зарга, хэрүүл тэмцэлд дийлдэхгүй байх, Чойжоо дүгжү нь муу муухай хэл ам, хараал жатга арилгаж, өвчин ад зэтгэр зэргийг номхотгох шашны хариулга заслын том гүрэм хариулга. Манал нь өвчин зовлонгоос гэтэлгэхэд, Хийморийн санг хийморь сэргээх, ажил үйлс бүтээх, санасан зүйл сэтгэлчлэн бүтээхэд айлдуулдаг. Үүн дээр нэмээд суудлын, ясан махбодын гүймэг, гурван ивээл жилийн ширүүнийг тайлах ном, засал хийлгэх хэрэгтэй. Засал номыг ингэж цогцоор нь хийх нь чухал.

Зурхай үзээгүй, чулуу тавьж мэдэхгүй хүн 33 насны мөчлөгийг засна гэдэг учир дутагдалтай. Тиймээс иргэд зурхай сайн мэддэг хүн дээр засал, номоо хийлгэх нь чухал шүү.

-33 насны мөчлөг тохиосон хүмүүс засал ном сайн хийлгэхээс гадна ээжтэйгээ хүзүүний мах хувааж иддэг, өлгийдүүлдэг гээд л янз бүрийн яриа бий. Цахим орчинд өлгийдүүлсэн олон хүний зураг харж байлаа. Энэ ер нь үндэслэлтэй юу ?

-33 насны мөчлөгийн үед таны хэлсэнчлэн ээжтэйгээ хүзүүний мах хувааж иднэ гэх зэрэг хаанаас гарсан нь тодорхойгүй яриа хүмүүсийн дунд их байдаг. Гэхдээ миний мэдэх зурхайн номонд лав ийм зүйл байхгүй. Тиймээс би энэ талаар хүмүүст мэдэхгүй гэж хэлдэг. Харин ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. Энэ бол хамгийн том засал. Гэхдээ хүний эцэг, эх эд баялгаас илүүтэй үр хүүхдээ сайн явахад л хамгийн их баярладаг байх гэж боддог. Тиймээс энэ мөчлөг дээрээ зөв явж, сайн амьдраад ээж аавынхаа сэтгэлийг зовоолгүй, одоо л миний хүүхэд зөв амьдарч байна даа гэж сэтгэл амартал нь баярлуулбал хамгийн дээд зүйл болов уу. Дээр үед гэрийнхээ өрхөнд өлгийдүүлж домнодог байсан юм билээ.

Орчин цагт хөнжилд өлгийдүүлснээ цахим орчинд олон нийтэд цацаад байх юм биш. Улам л доройтохоос өөр зүйлгүй.

-“Зүс өөрчлөх” гэдгийг тодруулья. Эрчүүд, эмэгтэйчүүд тус тус яаж зүсээ өөрчлөх вэ?

-33 насны мөчлөг орж байгаа эрэгтэй гал, эмэгтэй усан дээр суудаг. 33 насны мөчлөг дээр хүний хийморь доройтож, өвчин зовлон зэрэг бүх муу зүйл тухайн хүн дээр цуглах, хорлох гээд байдаг талтай. Хэрэв засал ном хийлгэсэн ч байдал өөрчлөгдөхгүй бол зүсээ хувилгах домоор засаж байгаа хэрэг л дээ. Ингэвэл засагдаж хийморь, лундаа нь сэргэнэ гэж үздэг. Эрчүүдийн хувьд сахалгүй нь сахал тавьж, сахалтай нь сахал, үсээ хусаж өөрчилж болж байна. Мөн таягаар домнож болно. Тулаад явах албагүй учраас заавал том, урт таяг байх албагүй. Жижиг модон таяг хийлгээд бурхныхаа урд залж болно. Ингэхдээ хүн болгоныг таягтай бол гэж байгаа юм биш шүү.

-Ярилцсанд баярлалаа.

https://ubn.mn/p/57698


URL: