“…Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

sLsDGJnZHvC1wjifKYAqДэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илрэлгүй 26 дахь жилдээ ороод байна. Дунд нь, 2017 онд уг хэргийг Т.Чимгээ,Содномдаржаа нарт үүрүүлэн шүүхээр эцэслэж шийдсэн. Тэгэхдээ тэдэнд уг гэмт хэргийг хэн захиалсныг “илрүүлээгүй” байдаг.

Харин үүнээс хоёр жилийн дараа өөр нөхцөл байдал илэрсэн. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн болж таарсан.

Энэ нь дээрх хоёр хүнийг цагдан хорьж байх үед хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд эрүүдэн шүүж буй бичлэг “олон нийтийн хүртээл” болсноор хэрэг явдал улам бүр тодорхой болсон.

ХҮЭК-ын 18 дахь илтгэлд ч энэ талаар багтсан. Тодруулбал, “…УИХ-ын гишүүн Л.Болд ХЭҮК-ын гишүүдэд “…С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх” хүсэлт гаргасныг ТЕГ-т 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 12/4492 тоот албан бичгээр уламжилж шийдвэрлүүлсэн. УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар, О.Батнасан, Ц.Нямдорж нар асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авсан. УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлтийн дагуу С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн талаарх дүгнэлт гаргасан” гэсэн тайлан бий.

Удалгүй уг эрүүдэн шүүсэн үйл ажиллагааг гүйцэтгэсэн албан тушаалтнууд, алба хаагчдад шүүхээс хариуцлага тооцсон. Хэргийг ч шүүх дахин хэлэлцэж, “…Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар уг хэргийг үйлдээгүй” гэх дүгнэлтэд хүрсэн. Улмаар тэднийг суллаж, цагаатгаад байна.

Ингэснээр 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ хэрэг дахиад нэг “охин” хэрэгтэй болж хоцорсон юм. Өөрөөр хэлбэл, “…С.Зоригийг хөнөөсөн”, мөн “…Энэ хэргийг нэр бүхий хоёр иргэнд эрүүдэн шүүж үүрүүлсэн” гэх хоёр тусдаа хэрэг болсон

1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан хэргийг шалгах “шинэ” ажлын хэсэг жил гаруй ажиллаж байгаа юм.

“…Тэр ажлын хэсгийн үйл ажиллагаа нэлээд ахицтай явж, өмнөх ажлын хэсгүүдийн олж илрүүлээгүй олон фактыг гаргаж ирж байгаа” гэх албан бус мэдээллүүд бий. Үүний хүрээнд ч ЦЕГ-аас Засгийн газарт хүсэлт тавьж, 1998 оны аравдугаар сарын 3-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны протоколыг ил болгуулсан биз.

Тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд, ялангуяа уг хэргийг захиалагч удахгүй илэрч мэдэх л юм. Энэ сацуу, уг хэргийн талаарх албан болоод албан бус мэдээллүүд цацагдах бүрт “…Сонгууль болж байгаа учраас улстөржүүллээ” гэх бачимдал гарч ирэх болов. “…Хэн ингэж хашгирч байна вэ”, “…Ингэтлээ бачимдах хэн байх вэ” гэдгийг бас бодох л хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, нэгэнт уг хэргийг үйлдээгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирлоо тогтоолгохоор яваад эхэлсэн байна.

Яг тэдний асуудлыг мухарлаж шийдвэрлэх тал дээр манай улсын хууль тогтоомж учир дутагдалтай аж. Тиймээс Т.Чимгээ нар Женев дахь Хүний эрхийн байгууллагад ханджээ. Тэрбээр С.Зоригийн хэрэгт гүтгүүлэн, эрүүдэн шүүлгэж, уг хэргийг хүлээснээ олон улсын хэрэг нээж өгөхийг хүсчээ.

Тэндээс саяхан олон улсын өмгөөлөгчдийн баг ирж уулзаад явсан байна. Тэгэхээр удахгүй  “…Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэж мэдэхээр болж байгаа аж.

Дээр хэлсэнчлэн Монгол Улсын иргэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шиг байдалд орохоос хамгаалах, эсвэл дараа нь хохирлыг тогтоож, нөхөн олгох тал дээр хууль эрх зүй хангалтгүй юм байна. Ийм эрсдэл байсаар байгаа гэсэн үг.

Уг нь НҮБ-ын Эрүүдэн шүүхтэй тэмцэх тусгай илтгэгч Манфрэд Новак манай улсын Засгийн газарт “…Эрүү шүүлт, бусад хүнлэг бус харьцаанд өртөж хохирсон хохирогчид хангалттай нөхөн олговор болон хүртээмжтэй эмчилгээ, нөхөн сэргээлт авах нөхцөл бүрдүүлэх” зөвлөмжийг ирүүлж байжээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ч “…Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогчдод олгох эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх”, “…Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирсон хохирогчид хангалттай хэмжээний нөхөн олговор болон нөхөн сэргээх үйлчилгээ авах нөхцөлийг хангах… нөхцөлийг бүрдүүлэх” тухай зөвлөмжийг 2015 онд өгсөн байгаа юм. Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн UPR II циклээс эрүүдэн шүүх, бусад хүнлэг бус харьцаанаас ангид байх хүрээнд нийт 20 зөвлөмж хүлээж авч байжээ.

Гэсэн ч “…Энэ талаар тодорхой алхам хийгээгүй” гэж Хүний эрхийн байгууллагууд шүүмжилж дүгнэсээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.Дамдин-Очир


URL: