“Хууль бус томилгоогоо нэн даруй хүчингүй болгохыг Соёлын сайд Ч.Номингоос шаардаж байна”

Screenshot 2024-03-07 104838Монголын Үндэсний музейн хамт олон Соёлын сайд Ч.Номингийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж, түүнд шаардлага хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, өнгөрөгч онд Монголын үндэсний музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор Д.Мөнхтогоог томилоод байсан юм. Гэвч Соёлын сайд Ч.Номин уг томилгоог өөрчилж, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг тус музейн захирлаар томилжээ.

Музейн ажилчид албан тушаалд томилох сонгон шалгаруулалт зарлалгүйгээр өөр байгууллагын захирлаар энэ албыг хавсран удирдуулах нь зохисгүй хэмээн үзэж байна.

Энэ талаар Монголын Үндэсний музейн дэд захирал Т.Зөнбилэг ”Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг хууль бусаар томилсон томилгоог нэн даруй хүчингүй болгох шаардлагыг салбар яаманд хүргүүлсэн. Мөн сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу нээлттэй, шударгаар зохион байгуулахыг шаардаж байна. Ерөнхийдөө бидний зүгээс хууль ёсны, зарчмын шаардлага хүргүүлж буй. Өөрөөр хэлбэл, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, сул орон тоог нөхөх хүртэл Монголын Үндэсний музейн түр орлон гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл, боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Эдгээр шаардлагыг Ерөнхий сайд болон Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Мөн аливаа нэг хүний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас иргэний хувиар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан” гэлээ.

Мөн энэ үеэр МҮМ-н Мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо өөрийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар дараах байр сууриа илэрхийллээ. Тэрээр “21 аймагт Соёлын урлагийн газрыг шинээр байгуулж, мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж байгаа. Энэ жил музейн сан хөмрөгийн улсын тооллого болно.

Тус тооллогыг олон жилийн турш музейн ажилтнууд хариуцаж ирсэн. Гэтэл орон нутгийн Соёл урлагийн газрын хүмүүсээр ахлуулж, арга зүйн зөвлөгөө өгнө гэж байгаад музейн захирлууд дургүй байгаа.

Мөн музейн ажилтнууд хуулийн дагуу үзмэртэй харьцсаны нэмэгдэл хөлс авдаг. Нэмэгдэл хөлс авах албан тушаалтны нэрсэд “Бүртгэл мэдээллийн санч” гэсэн тушаалыг оруулаагүй.

Гэтэл урьд өмнө байгаагүй үзэсгэлэнгийн куратор гэсэн жагсаалтыг оруулсан. Олон жил ажлаа хийсэн хүмүүс нэмэгдэл хөлсөө авч чадахгүй байгаад манай ажилчид бухимдалтай байна” гэлээ.


URL: