Орост цохилт өгөх төлөвлөгөө бүр террорист халдлагад бэлтгэсэн явдал гэв

65e80af1ae5ac9661752f021ОХУ-аас Германд суугаа Элчин сайд Сергей Нечаев “Оросын иргэний дэд бүтцийн объектууд руу цохилт хийх төлөвлөгөө бүр террорист халдлагад бэлтгэхэд оролцсон хэрэг болно” гэж мэдэгджээ.

Тэрбээр саяхан алдагдсан Германы офицеруудын ярианы бичлэгийн талаар ийнхүү тайлбар хийгээд “Германы удирдлагад байгаа бүх хүмүүс ийм хандлагатай байдаггүй гэдгийг хэлье… Гэсэн хэдий ч Оросын иргэний дэд бүтцэд цохилт өгөхтэй холбоотой аливаа төлөвлөгөө нь үнэн хэрэгтээ террорист халдлагад бэлтгэхэд оролцох явдал юм гэдгийг тодорхой мэдэж байх ёстой” гэсэн байна.

Германы цэргийнхний алдагдсан аудио бичлэгт тэд алсын зайн тусгалтай Taurus пуужин ашиглан Крымийн гүүрэнд халдлага зохион байгуулах боломжийг хэлэлцэж байжээ.

Уг ярианы бичлэгийг Оросын RT агентлагийн ерөнхий редактор Маргарита Симоньян гуравдугаар сарын 1-нд нийтэлсэн юм.

Тэгвэл өчигдөр /2024.03.05/ Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийх үеэрээ дээрх үйл явдлын талаар “Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш нэг сарын дараа буюу 2022 оны гуравдугаар сарын сүүлчээр Киев хоёр улсын хувьд ерөнхийдөө тохиромжтой улс төрийн хэлэлцээр байгуулахад бэлэн байсан. Гэвч Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон тэргүүтэй барууныхан дахин хөндлөнгөөс оролцож, Украины эрх баригчдыг хэлэлцээр байгуулахаас татгалзуулж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг шахсан. Одоо тэд сөргөлдөөнийг уртасгахын тулд чадах бүхнээ хийж, Киевийн дэглэмд зэвсэг, сумын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тагнуулын мэдээлэл, цэргийн зөвлөхүүдээр хангаснаар үндсэндээ Оростой шууд дайтаж байна” гэсэн юм.

Барууныхан Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгааг нотлох ээлжит баримт бол Германы цэргийн офицеруудын яриа гэж Оросын Элчин сайдын яамны зүгээс мэдэгдээд “Германы цэргийн өндөр албан тушаалтнууд хоорондоо Крымийн гүүрийг довтлохын тулд дотоодын Taurus пуужингуудыг ашиглах боломжийг хэлэлцэж байсан ярианы бичлэг нийтлэгдсэн. Германы канцлер О.Шольц өөрийн улсыг мөргөлдөөнд зарчмын хувьд оролцохгүй байгаа хэмээн мэдэгдсэний дараахан шүү дээ. Тус бичлэгт цэргийн объектуудад цохилт өгөх тухай биш, харин зорчигч тээврийн галт тэрэг, олон мянган иргэний тээврийн хэрэгсэл өдөр бүр явдаг гүүрийг нураах тухай ярьж байсныг анхаарна уу. Түүнээс гадна, ярилцаж байсан Германы цэргийнхэн тэдний пуужин хүүхдийн цэцэрлэг дээр унаж магадгүй гэдгийг тайвнаар хүлээн зөвшөөрч байв. Мөн германчууд өөрсдөө АНУ-ын болон Их Британийн цэргүүд Украинд аль хэдийнээ байрласан хэмээн мэдэгдсэнээр тэднийгээ өөрийн эрхгүй илчилсэн нь анхаарал татаж байна” гэсэн юм.

Мөн “Ийнхүү Барууны орнууд Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгаа нь илт байгаа бөгөөд Оросын удирдлагууд энэ тухай нэг бус удаа мэдэгдэж байсан” гэв. Энэхүү илчлэл нь ач холбогдлынхоо хувьд Европын удирдагчдын аль нь ч Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх бодолгүй байсныг хүлээн зөвшөөрсөнтэй дүйцэхүйц хэмжээний зүйл юм хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэжээ.

 

https://news.zindaa.mn/4th6


URL: