“S’Outlet” таван давхар дэлгүүрийн барилгыг дотроос нь буулгаж эхэлжээ
”S’Outlet” дэлгүүрийн газар чөлөөлөлтийн талаар Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн онд болсон үерийг нийслэлийнхэн бүгд мэдэж байгаа. ”S’Outlet” дэлгүүрийн хэсэгт ус боогдсоноос үер хоёр тийш хальж, ойр орчмын иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан. Үерийн далан сувгийг тэлээгүй, үйлчилгээ засвар хийгээгүй, даланд бургас болон шороо асгаснаас болж үерийн асуудлууд бий болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг үндэслэж, ”S’Outlet” дэлгүүрийн урд буй агуулахуудыг буулгасан юм. Дараа нь таван давхар дэлгүүрийн хүчитгэсэн бетон хийцтэй барилгыг дотроос нь буулгаж байна. Эхний ээлжид энэ дэлгүүрийн инженерийн байгууламжийг зогсоож байна. Мөн дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Дөрөвдүгээр сард буулгаж дуусгахаар төлөвлөсөн.
Дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн үеийн хооронд шар усны үер болох магадлалтай гэсэн учир үерийн далангийн сувагчлалыг хийж байна. Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар өндөр болж, үерийн далан суваг бүрэн ажилладаг. Үерийн даланд байгаа бургасанд хог, хадаг их байна. Энэ нь үерийн ус орж ирэхэд даланг сэтэлдэг. Инженерийн сувагчлал дотор мод бургас байх ёсгүй. Сэлбэ, Туул голын үерийн даланд мод байдаг учир авахаас өөр аргагүй, гаднын орны үерийн далангийн сувагт мод байдаггүйг харсан байх” гэлээ.
URL: