С.Тайван: Өвс, малын тэжээл худалдах нэрээр цахим орчинд залилан үйлдэж байна

Screenshot 2024-02-28 104021ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мөн үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван цахим гэмт хэргийн талаар танилцууллаа.

Тэрбээр, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөжүүлэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болгосон. Сүүлийн үеийн судалгаагаар цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 хувийг арилжааны банк данс ашиглан үйлдэж байна. Виртуал хөрөнгийн хэтэвч, үүрэн холбооны дугаар, хуурамч хаяг ашиглан үйлдэгдэж байна.Тус хэлтэс нь нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага мэдээлэл хүлээн авч, 300 дуулдлага мэдээлэлд нь нийт мөнгөн дүнгийн 60,1 хувь буюу 1.7 тэрбум төгрөг бүхий банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан.

  • Цахим залилангийн 561 дуудлага хүлээн авснаас 243 дуудлага мэдээлэлд хохирлын дансыг царцааж ажилласан
  • Цахим халдлагын 289 дуудлага хүлээж авснаас 39 дуудлага мэдээлэлд дансны шилжилт хөдөлгөөнийг зогсоож ажилласан
  • андуурсан гүйлгээ 49 байснаас 14 дансанд хязгаарлалт хийсэн
  • Цахим мөрийтэй тоглоомыг 31 дуудлага ирснээс найман дансанд хязгаарлалт хийсэн
  • худал мэдээлэл тараах 13 дуудлага ирсэн

Дуудлага мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд, “Иргэд гол төлөв байр, машин худалдан авах. Ялангуяа, сүүлийн хоёр сар өвс, малын тэжээл худалдан авах нэрээр цахим орчинд байршуулсан хуурамч зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлж, залилуулж байгаа тохиолдол түгээмэл гарч байна” гэв.


URL: